Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Испани өгүүллэг, туужийн эмхэтгэл монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Испани өгүүллэг, тууж" номын нээлт өчигдөр боллоо.

Испани зохиол, бүтээл манай улсад орчуулагдан, хэвлэгдсэн нь хомс байдаг бөгөөд ялангуяа өгүүллэг, тууж зэрэг богино бичлэгийн төрлөөр туурвисан бүтээлүүд монгол уншигчдын гарт тун цөөхөн хүрчээ.

Тиймээс өнөөдрийн нээлтээ хийж буй Испани өгүүллэг, туужийн эмхэтгэлд багтсан бүтээлүүдийг анх удаа монгол хэл дээр танилцуулж буй гэдгээрээ онцлогтой юм.

Мөн энэхүү ном нь "Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр" цувралын гуравдугаар дэвтэр бөгөөд номд орсон бүтээлүүд нь зуун жилийн өмнөхөөс эхлээд Испанийн иргэний дайн, дайны дараах нийгмийн сэргэн мандалт зэрэг түүхийн маш урт хугацааг хамарна.

 Энэхүү ном нь Испанийн 200 жилийн түүхийг уран зохиолоор дамжуулж илэрхийлсэн бүтээл

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нээлтийн үеэр Испани зохиолч Элена Алонсо Фрайле "Анх надад Монсудар хэвлэлийн газраас хамтран ажиллах санал тавихад би үнэхээр баяртайгаар хүлээн авсан. Учир нь би зөвхөн уншигчийн хувиар бус зохиолчийн хувиар өгүүллэг, тууж хэлбэрийн зохиолыг онцгойлон сонирхдог. Тиймээс уг эмхэтгэлд багтах бүтээлүүдийг сонгохын тулд маш олон өгүүллэгийг дахин дахин унших болсон минь миний хувьд сайхан санагдсан.

"Испани өгүүллэг, тууж" номонд орох бүтээлүүдийг сонгохдоо Испанийн уран зохиолчдын бүтээлд Испанийн түүхийн хоёр зууны үйл явдал хэрхэн туссан, нийгмийн амьдрал нь яаж өөрчлөгдөж, Испанийн ард түмний сэтгэл зүйд нөлөөлсөн талаар тусгасан зохиолуудыг голчлон сонгосон. Тиймээс энэхүү ном нь Испанийн 200 жилийн түүхийг уран зохиолоор дамжуулж илэрхийлсэн бүтээл.

Испани гаралтай орчин цагийн арван нэгэн зохиолчийн уран бүтээлийг монгол уншигчдад ийнхүү анх удаа танилцуулснаараа Монсудар хэвлэлийн газар Испани утга зохиолын орчуулга дахь хоосон орон зайг нөхөхөд том хувь нэмэр оруулж байна" гэлээ.

Испани орон дэлхий ертөнцтэй ямар харилцаа холбоотой байсныг доторхи зохиолууд харуулна.

БНХАУ-д суух Испани улсын Элчин сайд Рафаель Дезкаллар "Нэн түрүүнд энэхүү номыг хэвлэгдэн гарах хүртэл хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Би Монгол Улсад хавсран суугаа дипломат үүргийнхээ хувиар Испани хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээс ч өнөөдрийн номын нээлтэд ирсэн юм.

Испанийн уран зохиол нь дэлхийн уран зохиолд өөрийн гэсэн онцгой байр суурийг эзэлдэг. Эмхэтгэлд орсон зохиолуудын уран зохиолчид нь Испаничууд бидний соёл сэтгэлгээ, мэдрэмжийг үгийн урлагаар дамжуулан илэрхийлж чаддаг.

Тиймээс түүхэнд Испани орон дэлхий ертөнцтэй ямар харилцаа холбоотой байсныг доторхи зохиолууд илхэн харуулна. 

Дэлхий дээр хамгийн олон хүн ярьдаг хоёр дахь хэл нь Испани хэл болоод байна. Тиймээс анх удаа Монгол хэл дээр хэвлэгдэн гарч байгаа энэхүү түүвэр зохиолууд ихээхэн ач холбогдолтой" гэсэн юм.

Хүчтэй, ёс суртахуунлаг зохиол бүтээлүүд бидэнд ус агаар шиг хэрэгтэй

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат "Хамгийн агуу зохиол, бүтээлүүд нь ёс суртахууныг түгээн дэлгэрүүлдэг. Мөн сайн уран зохиол нь хөгжингүй орнуудын нийгэм, улс төрийн онцгой үеийн үйл явцтай нягт холбоотой байдаг. Тиймээс тухайн үйл явдлыг уншигч таниж мэдсэнээр тэрхүү нөхцөл байдлаас гарах гарцыг хайж эхэлдэг.

Монголд өнөөдөр нийгмийн ухамсрыг сэргээх, өдөөх цаг ирчихээд байгаа болохоор байлдан дагуулах хүчтэй, ёс суртахуунлаг зохиол бүтээлүүд бидэнд ус агаар шиг хэрэгтэй" гэв.

Уран зохиол уншдаг хүмүүс шүдэнзний багахан гэрлийг давсан маш их харанхуй байгааг олж харах ёстой гэдгийг ойлгосон

МУИС-ийн Испани хэлний багш Б.Пүрэвсүрэн "Энэхүү номын зохиолууд нь үйл явдлыг хүүрнэсэн зохиол гэхээс илүүтэйгээр зохиолын баатрын дотоод яриаг илэрхийлж, эргэцүүлсэн, цэгнэсэн шинжтэй бичигдсэн. байсан.

Мөн маш олон дүрслэх хэрэглүүрүүдийг ашигласан нь их таалагдсан. Тус номыг эрхлэн гаргахад чухал хувь нэмэр оруулсан Элена Алонсо Фрайле номын өмнөх үгэнд "Уран зохиол бол харанхуйд асаж буй шүдэнз юм" хэмээн бичсэн байсан. Үүнээс би, уран зохиол уншиж байгаа хүмүүс шүдэнзний тэр багахан гэрлийг давсан маш их харанхуй байгааг олж харах ёстой гэдгийг ойлгосон" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Гэрэл зургийг Mpa.mn

Испани улсын 11 бүтээлчийн сор болсон 36 бүтээлийг багтаасан энэхүү номыг БНХАУ дахь Испани улсын Элчин сайдын яамны дэмжлэгээр болон БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих газрын санхүүжилтээр хэвлэжээ.