Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сенаторууд Фэйсбүүкийн дижитал валютын төслийг ширүүн шүүмжилсний дараа биткоины ханш уналаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Фэйсбүүк компанийн төлөөлөгч АНУ-ын сенатын банкны хорооны гишүүдэд сонсгол хийсэн юм.

Энэ сонсголоор сенаторууд ирэх онд зах зээлд гаргахаар төлөвлөсөн Либра дижитал валютын төслийн талаар мэдээлэл авсан байна.

Сонсголын ажиллагаа бүхэлдээ ширүүн уур амьсгалтай болж, сенатын гишүүд Фэйсбүүк компанид итгэхгүй байгаагаа хатуу үгээр илэрхийлцгээжээ.

Сонсголыг нээсэн сенатор Шеррод Браун “Фэйсбүүк бол аюултай байгууллага. Тэд бол хайрцаг чүдэнз бариад явж байгаа нялх хүүхэдтэй адил. Фэйсбүүк гэрээ дахин дахин шатааж, тэгэх бүртээ үүнийгээ суралцаж, туршлага сууж байна гэж ярьдаг” хэмээн ярьсан байна.

Либра нь блокчэйн технологид суурилсан дижитал валют байх бөгөөд Facebook Messenger, WhatsApp зэрэг үйлчилгээнүүдэд төлбөрийн хэрэгсэл болж ашиглагдах юм.

Фэйсбүүк компани нь уг валютын дижитал хэтэвчийг хариуцаж ажиллах Calibra компанийг байгуулаад байгаа. Өчигдрийн сонсголд тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Маркус Фэйсбүүкийг төлөөлж оролцсон юм.

 
Calibra компанийн гүйцэтгэх захирал Дэвид Маркус

Сенатор Браун дараа нь Кэмбриж Аналитика компанитай холбоотой хэрэглэгчийн мэдээлэл хулгайлагдсан явдал, хуурамч мэдээлэл түгээдэг тухай, 2016 оны сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэрэг, Мьянмарын геноцидод гол үүрэг гүйцэтгэсэн зэрэг сөрөг баримтуудыг тоочжээ.

Тэрээр цааш нь ярихдаа “Хөдөлмөрч Америкчуудын гэр бүлээ тэжээдэг орлого, банкны дансанд хандах эрхийг мөнгөний бодлогын талаар ямар ч мэдлэггүй хүмүүст өгвөл бид өөрсдийгөө галзуурсанд тооцох хэрэгтэй” гэж ярьсан юм.

Ганц Браун биш Бүгд Найрамдах намын сенатор Марта Максэлли мөн Фэйсбүүк компанийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр ярихдаа “Би Фэйсбүүкт итгэдэггүй. Та нар гэр орноо цэвэрлэж цэгцлэхийн оронд дахин шинэ бизнес эхлэх тухай ярьж байна” гэсэн юм.

Энэ бүх шүүмжлэлд Дэвид Маркус тайлбар хийх гэж оролдоод төдийлөн амжилт олоогүй байна.

Фэйсбүүкийн Либра төслийн асуудлаар конгрессын хоёр дахь сонсгол өнөөдөр буюу Лхагва гарагт болох юм.

АНУ-ын зарим хууль тогтоогчид банк, санхүүгийн зах зээлд технологийн компаниудыг бодлогоор оруулахгүй байх тухай ярьж байгаа. Ийнхүү Либра төслийн хувь заяа бүрхэг болсны дараа хамгийн том крипто валют биткоины ханш 16 хувиар унаж, $10,000-аас доош буужээ.

Либра төслийг сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, сангийн сайд Стивен Мнучин, холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэл, төлөөлөгчдийн танхимын санхүүгийн үйлчилгээний байнгын хорооны дарга Максин Уотерс зэрэг өндөр дээд албаны хүмүүс дараалан шүүмжлээд байна.

 

Эх сурвалж: Business Insider