Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Роломжав: Тарваганы түүхий эд, эрхтэн залгиснаас болж амь насаа алдсан тохиолдлууд бий

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг 2019 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулсан. Харин энэ хугацааг дахин 10 хоногоор сунгасан байна.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Л.Роломжав "Тарваган тахал өвчин нь эмнэлзүйн олон хэлбэрээр илэрдэг. Үүнээс халдварын эрсдэл ихтэй нь уушгины хэлбэр. ДЭМБ-дад мэдээлэгддэг өвчин. Тарваган тахал үүсгэгч нь зууван хэлбэртэй, савханцар байдаг. 

Монгол орны 17 аймаг, 130 сум тарваган тахлын байгалийн голомттой. Энэ нь нийт газар нутгийн 28.5 хувийг эзэлдэг.

Өвчтэй тарвага агнах, арьс өвчих зэрэг үйл ажиллагааны явцад, мөн өвчтэй хүнийг асрах үед шууд халдварладаг. Мөн дан халдварын замаар буюу амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч, үе хөлтөнд хазуулах үед халдана.

Агаар дуслын замаар бас халддаг. Энэ нь тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс дамждаг.

Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу болгосон шүүрхий мах идсэнээс халдвар дамждаг.

Тарваган тахлын нууц үе 2-3 хоногийн хугацаатай. Дагжин чичрэх, богино хугацаанд 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүд илэрдэг.

Эмнэлзүйн булчирхайн хэлбэрээр явагдаж байгаа бол суга, цавины булчирхай цочих шинж тэмдэг илэрдэг.

1998-2018 онд тарваган тахлын хүний өвчлөлийн нийт 71 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 33.8 хувь нь нас баралтын тохиолдол байсан.

Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь эрэгтэйчүүд. 4-60 насны эрэгтэйчүүд өвчилсөн.

Тарваган тахлын улирлыг 8-9 сар хамгийн оргил үе гэж үздэг. Гэвч одоо улиралчлалгүй болоод байна. Зоонозын үндэсний төвд 12 дугаар сард Баянхонгор аймгаас сэжигтэй тохиолдлын дуудлага ирсэн. Тарваганы мах хөлдөөгчиндөө хадгалаад үүнийгээ өвчиж байхдаа гараа эсгэсэн гэсэн дуудлага ирсэн байгаа.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол хориотой энэ ан амьтныг агнахгүй байх, өвчилсөн сэг зэм тааралдах юм бол яаралтай мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.

4-60 насны эрэгтэйчүүд, малчид, цэрэг, цагдаагийн байгууллагын ажилчид, эмнэлгийнхэн тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай.

Эрүүл мэндийн сайдын албан даалгавраар тарваган тахлын дархлаажуулалтыг орон даяар 2019 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн арав хоног хийсэн. Харин баяр наадам таарсан тул дархлаажуулалтын хугацааг 10 хоногоор сунгалаа.

Орон нутагт зорчдог, ажиллаж амьдарч байгаа эрсдэлтэй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах ёстой. 

Тарваган тахлын дархлаажуулалт нэг удаа хийгддэг. 12 сарын хугацаанд дархлаа тогтдог. Өөрөөр хэлбэл, энэ жил долоодугаар сард хийлгэсэн бол дараа жил энэ сардаа хийлгэнэ гэсэн үг. 

6 сартайгаас дээш 60 нас хүртэлх бүх хүмүүс хийлгэж болно. Нас, насаараа тун нь өөр. 

Дархлаажуулалтад хамрагдахын өмнө заавал эмчийн хяналтад орно. Тарваган тахлын дархлаажуулалтын эсрэг заалттай хүмүүст бол хийгдэхгүй.

Хамгийн гол нь тарваганы түүхий эд, эрхтэнг залгих буруу зуршлаа орхих хэрэгтэй. Түүхий эд эрхтэн залгиснаас болж амь насаа алдсан тохиолдлууд байгаа" хэмээн зөвлөлөө.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандана.