Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Евро Комиссын ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Евро парламентын гишүүд нууц санал хураалтаар Германы батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйенийг Европын Холбооны Комиссын ерөнхийлөгчөөр сонголоо.

Баруун төвийн үзэлтэй, консерватив улс төрч Ляйен арваннэгдүгээр сарын 1-нд одоогийн ерөнхийлөгч Жан Клод Юнкерыг залгамжлах юм.

Евро Комисс нь Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд хууль санаачлах, хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд гишүүн орнуудад шийтгэл оноох зэрэг эрхтэй.

Ляйен Евро парламентын 747 гишүүний 50-аас дээш хувийн санал авах ёстой байсан бөгөөд 383 санал авч чаджээ. Европын парламент нийт 751 гишүүнтэйгээс дөрөв нь өчигдрийн санал хураалтад оролцоогүй юм.

Одоо 60 настай Урсула фон дер Ляйен нь Брюссель хотод төрсөн, долоон хүүхдийн эх. Улс төрд орохоосоо өмнө эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшжээ. 

Тэрээр Европын Комиссийн ерөнхийлөгч болбол тус холбооны иргэдийн нийгмийн асуудлуудыг шийдэж, ядуурлыг бууруулахаа амлаж байв. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсэн юм.

Парламентаас авах ёстой саналын босгыг дөнгөж есөн саналаар давуулсан түүнийг хүнд хэцүү сорилтууд хүлээж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Ялангуяа Польш, Унгар, Итали зэрэг гишүүн орнуудад Европын Холбоонд хэт их эрх мэдэл төвлөрүүлэх сонирхолгүй улс төрийн хүчнүүд засгийн эрх барьж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC