Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна
Sara, ikon.mn - text to speech

Олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia 2019” уралдааныг энэ сарын 21-26-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. 

Энэхүү уралдаантай холбоотойгоор Монголын бартаат замын авто спортын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Rainforest Challenge /RFC/ уралдаан нь дэлхийд чансаагаараа аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт ордог бартаат замын авто спортын томоохон тэмцээн юм. Монголын бартаат замын авто спортын холбоо тус тэмцээнд 22 дахь орон нь болж элсжээ.

"Гурав хоногийн дараа зохион байгуулагдах “RFC Mongolia 2019” уралдаан нь эхний таван байрыг шалгаруулна. Шалгарсан тамирчдад Малайз улсад болох олон улсын уралдаанд оролцох эрх олгох юм. Тус тэмцээнийг монголд зохион байгуулснаар бартаат замын спорт хөгжих, бага оврын машин механизмын үйлдвэрлэл илүү хөгжих, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой" гэдгийг Монголын бартаат замын авто спортын холбооны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр мэдээллийн үеэр онцоллоо.

Монголын бартаат замын авто спортын холбооны хүрээнд нэн хүнд бартаат замын ангилалд уралддаг 200 тамирчин, авто спортын 20 клуб байдаг
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр “"RFC Mongolia 2019” уралдаан нь шавар, ус, уулын оргил гэх мэт байгалийн бүхий л бартааг буюу нийт 16 давааг туулна. Одоогийн байдлаар ОХУ, Малайз улсаас тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна.

Тэмцээн олон улсын стандарт, дүрмийн дагуу зохион байгуулагдах тул аюулгүй байдлыг бүрэн хангасан. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд шинэ зам хийхгүй. Голдуу өвөл ашиглагддаг замаар уралдана. Манай улсын тамирчид олон улсын тэмцээнд өрсөлдөхөд ур чадвар, техникийн хувьд өрсөлдөх чадамжтай болсон билээ. 

Мөн тэмцээний үеэр хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд мөнгөн торгууль болон тэмцээний оноогоор зохицуулна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зориулалтын техникийн машинуудыг авч яван Гачуурт, Тэрэлжийн бүс нутгийн хогийг цэвэрлэх ажлыг давхар төлөвлөсөн. Түүнчлэн үзэгчид бүх төрлийн машинаар аюулгүй, бартаагүйгээр хүрэлцэн ирэх боломжтойгоор газруудаа сонгосон. Харин тэмцээн болох зам нь олон улсын стандартын дагуу байна.

Монголын бартаат замын авто спортын холбооны хүрээнд нэн хүнд бартаат замын ангилалд уралддаг 200 тамирчин, авто спортын 20 клуб байдаг.

Техникийн үзлэгт хамрагдаж шаардлага хангасан бүх машин тэмцээнд оролцох боломжтой. Урьдчилсан байдлаар 40 орчим машин мэргэжлийн  түвшинд  уралдана гэж харж байна. Тэмцээнд сонирхогчийн төрөл гэж байхгүй” гэлээ.

Хамгийн бага хугацаанд хамгийн их оноо цуглуулсан тамирчин ялагч болно
 
Гэрэл зургийг MPA.mn

Тэмцээний ерөнхий шүүгч Л.Батсайхан “Тэмцээний шүүлт “RFC”-гийн олон улсын дүрэм, журмын дагуу явагдана. Хамгийн бага хугацаанд хамгийн их оноо цуглуулсан тамирчин ялагч болно. Энэ удаагийн тэмцээн олон өдөр болж байгаа тул өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Тиймээс баг тамирчид техник, хувийн бэлтгэл, сэтгэл зүйгээ сайн бэлдэх шаардлагатай. Ингээд бүх оролцогчдодоо өндөр амжилт хүсье” гэлээ.