Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монголд хүүхдүүдийн 8% нь төрсөн эцэг, эхтэйгээ амьдардаггүй

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
https://newbostonpost.com/2017/04/17/no-father-no-peace/

Дэлхий дээр сая сая хүүхдүүд эцэг, эх нь нас барсан, эсвэл ажил хийхээр цагаачилсан зэрэг шалтгаанаар гэр бүлийн хайр халамж, анхаарлаас гадуур өсөж торниж байгаагийн адил Монголд ч мөн олон хүүхэд ээж, аавгүй өсөж хүмүүжиж байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан “Монгол Улсын нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018” харуулав. 

Ийм хүүхдүүдийн ихэнх нь ойр дотны хэн нэгэн, гэр бүлийн гишүүн, төрөл төрөгсөдтэйгөө  амьдарч байхад зарим нь өөр айлд гэрийн ажил хийж амьдрах тохиолдол байна. 

Уг судалгаанд 18 нас хүртэлх 18,794 хүүхдийг хамруулжээ. Тэдний 

  • 10.4 хувь нь төрсөн эхтэйгээ хамт амьдардаггүй 
  • 7.7 хувь нь төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй гэж. 
  • Харин 6 хувь нь хагас болон бүтэн өнчин байна. 

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 

  • 0-4 насны хүүхдүүдийн 18.5 %
  • 5-9 насныхны 25.8%  
  • 10-14 насныхны 22.4 хувь 
  • 15-17 насныхны 35.7 хувь нь эцэг, эхээсээ өөр хэн нэгэнтэй амьдарч байгаа судалгааны дүн харуулжээ.

Хүүхдүүдийн зарим нь эцэг, эхийнхээ талаар ямар нэгэн мэдээлэлгүй болохоо хэлсэн байна.

Зураг. Хүүхдийн амьдарч буй орчин 2018 он.

 
Эх сурвалж: ҮСХ

НҮБ-ын Хүүхдийг ивээх сантай ҮСХ хамтран хийсэн уг судалгаагаар эцэг, эх нь хоёулаа өөр улс оронд суурьшин амьдарч буй хүүхдүүд буюу “орхигдсон хүүхдүүд”-ийн талаарх үзүүлэлтийг тооцжээ. Гэвч эцэг, эх нь гадаадад амьдардаг хүүхдүүдийн хувьд мөнгөн шилжүүлгийн урт хугацаанд үзүүлж байгаа эдийн засгийн ашигтай тал, нийгэм, оюун санааны хувьд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх дүгнэлтийг хараахан хийх боломжгүй байгааг дурдсан байна. 

Ямартай ч нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 2.7 хувийнх нь эцэг, эх нь гадаадад, 18.9 хувь нь өөр газар амьдардаг тухай хариулжээ. 

Харин төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй 1,455 хүүхдийн хувьд 66% нь өвөө,  эмээтэйгээ амьдардаг бол 20.1 хувь нь бусад хамаатныдаа амьдарч байна. Мөн 3.4 хувь нь дагавар хүүхэд ажээ. 

Хүүхдүүд бие махбодын шийтгэл амссаар байна

Хүүхдийг хүчирхийллийн аргаар хүмүүжүүлэх нь шууд илрэн гарах болон урт хугацаанд олон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон улсын судалгаануудаар нотолжээ. Гэвч Монгол Улсад энэ хандлага маш түгээмэл төдийгүй олон ээж, аав ингэж хүмүүжүүлэх нь хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа судалгааны үеэр илэрхийлсэн байна. 

Тухайлбал, 1-14 насны 15,168 хүүхдийн 49.1%-ийг нь сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн хүчирхийллийн аргаар хүмүүжүүлэх гэж оролдсон тухай ярьжээ. Тухайлбал, 

  • 28% нь бие махбодын ямар нэгэн шийтгэл хүлээсэн бол 
  • 5.2%-д нь бие мах бодын хүнд шийтгэл ногдуулсан байна. 

Энэ талаар эцэг, эхчүүдээс авсан судалгаагаар тэдний 18.8 хувь нь би махбодын шийтгэл хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн төдийгүй тэдэнтэй санал нийлэх ээж, аавуудын хандлага нэмэгдэж байгааг судалгааны тайлан харуулав. Ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийг ийн шийтгэх хандлага илүүтэй байгааг тусгажээ. 

Хүүхдийн эрхийн тухай конвенцэд “хүүхдийн хөгжлийг цогц, нийцтэй байлгахын тулд тэд аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрдөг бол монгол хүүхдүүд өсөж хүмүүжиж буй орчин ийм дүр зурагтай байна.