Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд гардаг ослын тоо нэг сарын хугацаанд 63.9 хувиар буурчээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN

Тээврийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ.

Уг арга хэмжээ нэг сар үргэлжилсний дараа ямар эерэг үр дүнд хүрсэн талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1313114878862360/

ЦЕГ-аас 2019 оны зургаадугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019” арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Арга хэмжээний эхний нэг сарын хугацаанд гарсан эерэг үр дүнгийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зуны дэлгэр цагт зохион байгуулж ажилладаг.

Энэ жилийн хувьд "Яараад яахав дээ" аяныг эхлүүлж, ухуулга сурталчилгааны ажлыг эхлүүлсэн. Аяны хүрээнд олон төрлийн контент бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараасан. Энэ ажлыг цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгээгүй. Бусад төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагууд хамтарч ажилласан. Мөн олны танил хүмүүсийг татан оролцуулсан.

Ухуулгын мэдээллийг иргэд сайн хүлээн авч, жолооч нар соёлтой байлаа. Орон нутгийн зам дахь хөдөлгөөний хурд удааширч ослын тоо мэдэгдэхүйц буурлаа.

Аяныг аравдугаар сар гартал үргэлжлүүлнэ. Эерэг үр дүн үргэлжлэн гарна гэж найдаж байна" хэмээн ярилаа.

 

"Суурин газрын гадна буюу орон нутгийн замд 80 км/ц-ийн хурдтай явах дүрэмтэй. Иргэдийн зүгээс "хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлээч ээ" гэсэн саналыг их гаргадаг. Гэхдээ манай замын нөхцөл байдал, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хурдны дээд хязгаарыг тогтоосон. 80 км/ц-ийн хурдтай явахад ослын тоо буурч байгаа нь хурдыг нэмэх шаардлагүйг илтгэн харуулж байна" хэмээн ТЦА-ны Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр тайлбарлалаа.

Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.