Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюунт машин Рубикийн шоог нэг секундэд эвлүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Калифорнийн Их сургуулийн судлаачдын боловсруулсан хиймэл оюунт систем Рубикийн шоог нэг секундэд эвлүүлж чаджээ.

DeepCubeA нэртэй уг алгоритм 1974 онд анх зохион бүтээсэн шоог хамгийн цөөн нүүдлээр эвлүүлэх аргыг бие даан суралцсан юм байна.

“Хиймэл оюуны сэтгэн бодох арга нь хүнийхээс огт өөрөөр ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Калифорнийн Их сургуулийн компьютерын ухааны профессор Пьер Балди ярьжээ.

Уг алгоритм нь 10 тэрбум ялгаатай хувилбарыг бүгдийг нь 30 нүүдэл дотор багтааж эвлүүлэх аргад суралцсан юм байна.

Суралцсаных нь дараа тэдгээр хувилбаруудаас 1,000-ыг өгч гүйцэтгүүлэхэд тус бүрийг нь нэг секунд орчим хугацаанд дуусгажээ. Энэ хугацааны 60 хувийг хамгийн цөөн нүүдлээр эвлүүлэх шийдлийг тооцоолоход зарцуулсан байна.

Хүн хамгийн багадаа 50 нүүдлээр Рубикийн шоог эвлүүлдэг байна. Гэтэл DeepCubeA алгоритм дунджаар 28 нүүдэлд багтаан дуусгаж байжээ.

Гэхдээ энэ алгоритм нь машинаар Рубикийн шоог эвлүүлсэн анхны тохиолдол биш. Массачусетсын Технологийн их сургуулийн (MIT) бүтээсэн min2phase алгоритм өмнө нь шоог гурав дахин богино хугацаанд эвлүүлж байжээ.

Гэхдээ MIT-ийн алгоритм нь хиймэл оюун ухааны технологи ашиглаагүй, зөвхөн Рубикийн шоог эвлүүлэхэд зориулагдсан програмчлалын код юм.

“Бие даан суралцаж, сэтгэж, төлөвлөж чаддаг ухаалаг систем бүтээх нь бидний гол зорилго юм. Энэхүү том зорилгод хүрэхэд бид нэг алхам хийж чадлаа” гэж профессор Балди ярьж байна.

 

Эх сурвалж: BBC