Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

F-35 сөнөөгч онгоцнуудыг Турк улсад зарж чадаагүйдээ Дональд Трамп харамсаж байгаагаа илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас С400 агаараас хамгаалах систем худалдаж авснаас шалтгаалан АНУ өөрийн F-35 сөнөөгч онгоцнуудыг Турк улсад нийлүүлэх боломжгүй болоод байгаа.

Дайсагнагч талуудын зэвсгийг хамтад нь ашигласнаар технологийн нууц алдагдана гэж Вашингтоны засаг захиргаа болгоомжилж байгаа юм. АНУ-ын анхааруулгыг үл тоосон Турк улс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр С400 системийн эхний хэсгийг хүлээж авсан.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа 100 ширхэг F-35 онгоцыг зарах боломжгүй болсондоо харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэр бас Турк улс ОХУ-аас зэвсэг авах болсонд өмнөх ерөнхийлөгч Барак Обама буруутай гэж мэдэгдсэн байна.

Ингэхдээ Трамп NATO-гийн гишүүн мөртлөө дайсагнагч талаас зэвсэг худалдаж авсан Туркийн засгийн газрыг шийтгэх талаар ганц ч үг унагаагаагүй юм.

Обамагийн засаг захиргаа Патриот агаараас хамгаалах системээ Турк улсад нийлүүлэхээр 2013 оноос ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч Туркийн тал технологийн хэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг шаардаж эхэлсэн тул нийлүүлэх ажиллагаа зогссон юм байна.

Тухайн үед төрийн департментад өндөр албан тушаал хашиж байсан Эндрью Уэйсс твиттер хуудсандаа Дональд Трампыг “Туркийн Эрдоган, Оросын Путин нараас уучлал гуйснаас ялгаагүй мэдэгдэл хийлээ” хэмээн шүүмжилжээ.

Даваа гарагт Истанбулын Ататюрк нисэх онгоцны буудалд сэтгүүлчидтэй уулзахдаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нийт найман онгоц ачаа ОХУ-аас ирээд байгааг дуулгаад “Бурхны авралаар манай шинэ зэвсэг 2020 оны дөрөвдүгээр сард ашиглахад бэлэн болно” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters