Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Перугийн экс ерөнхийлөгчийг АНУ-д баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Перугийн экс ерөнхийлөгч Алехандро Толедог АНУ-д баривчилж, эх оронд нь шилжүүлж өгөхөөр болжээ.

2001-2006 онд Перу улсын ерөнхийлөгчийн албыг хашсан Толедог өчигдөр Калифорни мужийн хойд хэсгээс баривчилсан байна. Түүнийг ерөнхийлөгч байх хугацаандаа Бразилын барилгын Odebrecht компаниас $20 саяын авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа юм.

Odebrecht компани нь ганц Перугаар зогсохгүй, Латин Америкийн олон оронд төсөл хэрэгжүүлэхдээ нийт $800 саяыг албан тушаалтнуудад хээл хахууль болгон өгснөө хүлээн зөвшөөрч байжээ.

Жилийн өмнө Перу улс экс ерөнхийлөгчөө шилжүүлж авах хүсэлтийг АНУ-ын засгийн газарт гаргаж байв.

Бразилын компанитай холбоотой авлигын хэргээр Перугийн нийт дөрвөн ерөнхийлөгч шалгагдаж байгаа нь энэ юм. Тэдний нэг Алан Гарсиа өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлагдахаасаа өмнө толгойдоо буудаж, амиа хорлосон байна.

Одоо 73 настай Толедо өөрийгөө буруугүйг олон удаа мэдэгдэж байгаа. Тэр 2017 онд Стэнфордын их сургуульд ажиллахаар ирсэн гэж мэдэгдэж байсан ч сургуулийн захиргаа энэ үүнийг нь сүүлд няцааж байв.

 

Эх сурвалж: The Guardian