Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Сибирийн Мальдив”-ыг ОХУ-ын эрх баригчид шалгахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед баруун Сибирийн Новосибирск орчмын нэгэн хиймэл нуур Оросын Инстаграмчдыг соронзон мэт татах болсон байна. Бүр “Сибирийн Мальдив” гэх нэртэй болж амжсан юм.

Уг нуурын ус гайхалтай гоёмсог цэнхэр өнгөтэй тул энд авхуулсан зургийг хүмүүс Мальдив, Бали зэрэг дэлхийд алдартай амралтын газруудад авхуулсан зурагтай андуурдаг. Тиймээс олон хүнээс “лайк” цуглуулах хүсэлтэй залуус энэ нуурыг олноор зорин ирдэг болжээ.

Үнэн хэрэгтээ энэ бол орон нутгийн цахилгаан станцын хаягдлыг асгадаг газар юм байна. Сибирийн Эрчим хүчний компанийн мэдээлж байгаагаар химийн хортой элемент бүхий хаягдал нуурын усыг тод цэнхэр өнгөтэй болгож байгаа гэнэ.

 

Тус компани сүүлийн үед нуурын эрэгт харуул гаргаж, замд нь хаалт босгон хүмүүсийг хортой нуурнаас холдуулах арга хэмжээ авах болсон байна.

Байгаль орчныг хамгаалагчид нуурын ус хүний арьсанд харшил үүсгэх, түлэх аюултай тул биеэ хүргэхгүй байхыг хүмүүст анхааруулах болжээ.

Өчигдөр Новосибирск мужийн прокурорын газар нуурын усны бохирдлын хэмжээ хуульд заасан байгаль орчны стандартыг зөрчсөн эсэхийг шалгах болсноо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: РИА Новости