Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Оросын агаараас хамгаалах зэвсгийн эхний хэсгийг хүлээж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын анхааруулгыг үл тоосон Туркийн эрх баригчид ОХУ-ын агаараас хамгаалах С400 системийг худалдан авахаар болсон билээ.

Тэгвэл энэхүү зэвсгийн эхний хэсгийг ачсан нисэх онгоц өчигдөр буюу Баасан гарагт ирснийг Туркийн батлан хамгаалах яам мэдээлжээ.

Хоёр дахь хэсэг ачаа ойрын өдрүүдэд ирэхийг мөн мэдээлсэн байна.

Туркийн мэргэжилтнүүд долоо, наймдугаар саруудад Орост шинэ зэвсгийг хэрэглэх дадлага эзэмшихээр болжээ.

Уг наймааг хийснээр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын харилцаа дотносож, NATO-гийн гишүүд болох Вашингтон-Анкарагийн харилцаанд хагарал бий болж байна.

Оросоос зэвсэг авах шийдвэрээ өөрчлөөгүйн хариуд Вашингтон F-35 сөнөөгч онгоцныхоо төслөөс Турк улсыг хасаад байгаа.

С400 агаараас хамгаалах системийг F-35 сөнөөгч онгоцтой хослуулан хэрэглэснээр технологийн нууц Оросын талд алдагдана гэж АНУ болгоомжилж байна.

АНУ-ын Lockheed Martin компанид бүтээсэн F-35 сөнөөгч онгоц нь дайсны радарт илрэхгүй нисэх чадвартай юм.

Өнгөрсөн сард Бельгид болсон NATO-гийн хурлын үеэр Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Марк Эспер “Хэрвээ Турк улс С400 системийг хүлээж авбал бид F-35 онгоцоо өгөхгүй. Асуудал ийм энгийн” хэмээн мэдэгдэж байжээ.

Үүнээс гадна Вашингтоны засаг захиргаа Туркийн энэхүү үйлдлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: CNN