Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн крипто арилжааны төв $32 саятай тэнцэх дижитал хөрөнгөө хулгайд алджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Японы нийслэл Токиод үйл ажиллагаа явуулдаг арилжааны төв $32 саятай тэнцэх дижитал хөрөнгөө алдсан нь крипто валютын салбарт гарсан сүүлийн томоохон хулгайн хэрэг боллоо.

Bitpoint Japan арилжааны төвийг эзэмшдэг Remixpoint компанийн мэдээлснээр Пүрэв гарагийн шөнө тус компанийн гүйлгээний системд хакерууд нэвтэрч 3.5 тэрбум иентэй тэнцэх төрөл бүрийн крипто валютуудыг хулгайлсан байна.

Хулгайлагдсан валютууд нь арилжааны төвийн онлайн дансанд (hot wallet) байсан гэнэ. Харин тус төвийн офлайн дансанд (cold wallet) хакерууд халдаж чадаагүй байна.

Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд харилцагчдынхаа хохирлыг бүрэн барагдуулахаа Remixpoint мэдээлжээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн онд Японы Coincheck арилжааны төв $500 саятай тэнцэх хэмжээний дижитал хөрөнгөө хулгайд алдаж байв. 2017 онд Өмнөд Солонгосын Youbit хакеруудад хоёр удаа дараалан хөрөнгөө алдсаны дараа дампуурлаа зарласан юм.

2014 онд Токиогийн MtGox арилжааны төв 850,000 ширхэг биткоиноо хулгайд алдсаны дараа үйл ажиллагаагаа зогсоож байв. MtGox нь дэлхийн нийт биткоин арилжааны 80 хувийг гүйцэтгэдэг байсан бөгөөд 

хулгайлагдсан хөрөнгийн хэмжээ нь тухайн үеийн ханшаар хагас тэрбум ам.доллар болж байжээ.

Эрсдэл өндөртэйд тооцогддог крипто валютын зах зээлд Япон улс харьцангуй нээлттэй ханддаг. 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн биткоин Японд хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдох болсон юм.

 

Эх сурвалж: The Guardian