Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЙМ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ - 2019

ikon.mn
2019 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тоймыг та бүхэндээ хүргэж байна.



НЭЭЛТ


 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил Улаанбаатар хот байгуулагдсаны 380, Богд хааны мэндэлсний 150, Атар газар эзэмшсэний 60, Халх голын дайны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаа билээ.

Эдгээр түүхэн үйл явдлууд, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм хүмүүсийг харуулсан хэсгүүдийг нээлтийн тоглолтоор үзүүлэв.

Наадмын нээлтэд мэргэжлийн урлагийн байгууллагуудын 2,000 орчим уран бүтээлч, цэргийн 600 алба хаагчаас гадна арын албанд 300 орчим хүн ажиллажээ.

Наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, ерөнхий продюссерээр соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат ажилласан юм.

Гэрэл зургийг mpa.mn 2019 он.

Баяр наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлсэн үгэндээ "Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.

Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд тавтай морилж, монгол наадмыг таалан болгооно уу.

Эрхэм соёлт наадамчид аа,

Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай" хэмээсэн юм.



БӨХ


 
Үзүүр түрүү: Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Их баяр наадамд нийт 512 бөх хүч бяраа сорьсноос 93 нь улсын цолтой бөх байв. Үзүүр түрүү булаалдахаар улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар тунаж үлдсэнээс Э.Оюунболд арслан ес давж, шинэ АВАРГА цолтон болсон юм. 

Энэ жилийн наадмаар шинээр таван улсын начин төрсөн бол нэг улсын начин цолоо ахиулж, улсын харцага цолонд хүрч, нэг аварга цолтон төрлөө.

Шинэ НАЧИН:

  1. Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном улсын харцага Х.Гантулгаар тав давж,
  2. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж,
  3. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж,
  4. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ улсын заан Н.Жаргалбаяраар тав давж,
  5. Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням улсын харцага М.Бадарчаар тав давж УЛСЫН НАЧИН болсон юм.

Шинэ ХАРЦАГА:

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж, УЛСЫН ХАРЦАГА цолтон болов.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ АВАРГА:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, УЛСЫН АВАРГА цол хүртлээ.

 
Наймын даваа: Гэрэл зургийг MPA.mn

ФОТО агшин - Долоогийн даваа:

Наймын даваа:

Есийн даваа:

Бөхийн барилдааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 



ХУРДАН МОРЬ


 
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаан насны хурдан морины уралдааны явцад нийт 30 хүүхэд мориноос унажээ. Азаар гэмтэл, бэртэл аваагүй талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн юм. Энэ нь хурдан морь унаач хүүхдүүдийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангасны үр дүн хэмээн үзэж байна.

Улсын баяр наадамдаа тоос өргөж, айргийн тавд давхисан зургаан насны морьдын мэдээллийг нэгтгэн хүргэе.

ХЯЗААЛАН:

Хязаалан насны морьдын уралдаанд 298 хүлэг бүртгүүлснээс 184 нь шандас сорьсон юм.

  1. Түрүү магнайд: 303 дугаартай хүүхдийн унасан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ 
  2. Аман хүзүүнд: 97 дугаартай хүүхдийн унасан, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ
  3. Айргийн гуравт: 881 дугаартай хүүхдийн унасан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хүрэн үрээ
  4. Айргийн дөрөвт: 11 дугаартай хүүхдийн унасан, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар зээрд
  5. Айргийн тавд: 509 дугаартай хүүхдийн хурдлуулсан, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр хурдалж наадамчин олноо баясгалаа. 

Дэлгэрэнгүйг: ХЯЗААЛАН: Хөвсгөл аймгийн харьяат Тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ торгон жолоогоо өргүүллээ

ШҮДЛЭН:

  1. Түрүү магнайд: 29 дугаартай уралдаанч хүүхдийн унасан, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ 
  2. Аман хүзүүнд: 717 дугаартай хүүхдийн хурдлуулсан, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар үрээ 
  3. Айргийн гуравт: 509 дугаартай хүүхдийн унасан, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ 
  4. Айргийн дөрөвт: 301 дугаартай хүүхэд бүхий, Завхан аймгийн харьяат Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ 
  5. Айргийн тавд: 282 дугаартай хүүхдийн хурдлуулсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат О.Амгаланбаатарын хээр алаг үрээ орж, наадамчин түмнээ баясгалаа.

Дэлгэрэнгүйг: ШҮДЛЭН: Айргийн тавд орж ирсэн хурдан хүлгүүд

АЗАРГА:

  1. Түрүү магнайд: 519 дугаартай уралдаанч хүүхэд бүхий, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга
  2. Аман хүзүүд: 881 дугаартай хүүхдийн уралдуулсан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга
  3. Айргийн гуравт: 443 дугаартай хүүхдийн хурдлуулсан, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын бор азарга
  4. Айргийн дөрөвт: 340 дугаартай унаач хүүхэд бүхий, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга
  5. Айргийн тавд: 500 дугаартай хүүхдийн хурдлуулсан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга давхилаа. 

Дэлгэрэнгүйг: АЗАРГА: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат О.Батбилэгийн халзан азарга түрүүллээ

ИХ НАС:

  1. Түрүү магнайд: 209 дугаартай хүүхдийн унасан, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь
  2. Аман хүзүүнд: 307 дугаартай унаач хүүхдийн хурдлуулсан Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар морь 
  3. Айргийн гуравт: 519 дугаартай хүүхдийн унасан, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Х.Бадамсүрэнгийн хээр морь
  4. Айргийн дөрөвт: 881 дугаартай унаач хүүхэд бүхий, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар морь
  5. Айргийн тавд: 101 дугаартай хүүхдийн унасан, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь хурдалж, наадамчин түмнээ баясгалаа.

Дэлгэрэнгүйг: ИХ НАС: Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь хурдлав

СОЁОЛОН:

  1. Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ 
  2. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы халиун үрээ
  3. Айргийн гуравт Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбатын уясан зээрд халзан үрээ 
  4. Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, Улсын Дээд Шүүхийн шүүгч Сандагийн Нямжавын халтар үрээ
  5. Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат н.Дамдий-Ядамын цоохор үрээ хурдаллаа.

Дэлгэрэнгүйг: СОЁОЛОН: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа 

ДААГА:

  1. Түрүү магнайд: 545 дугаартай унаач хүүхдийн хурдлуулсан, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Чинзоригийн халтар даага
  2. Аман хүзүүнд: 300 дугаартай хүүхдийн унасан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Раднаагийн Дуламсүрэнгийн хурдан халиун  
  3. Айргийн гуравт: 19 дугаартай хүүхдийн хурдлуулсан, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар даага 
  4. Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага 
  5. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдаллаа. 

Дэлгэрэнгүйг: Даага: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ



СУР ХАРВАА


 
Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн таван харваач улсын цол хүртлээ.

Эрэгтэй харваачдаас

  • 40 сумнаас 39 онож түрүүлсэн, Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Энхтунгалагийн Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,
  • 40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн, Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.

Эмэгтэй харваачдаас

  • 40 сумнаас 37 онож түрүүлсэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахир багийн харваач Өрнөхийн Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,
  • 40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.


Хаалт


 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга наадамчин олондоо хандан "Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам өндөрлөж байна. Наадамчин олон хоёр өдрийн туршид хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж, эрхий мэргэдийн уухайн дуунд саруулсаж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж, сайхан наадлаа.

Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй. Мөнх тэнгэрийн дор Монгол наадам жаргаж байна" хэмээн хэлснээр хүндэт харуулууд Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордонд ёслол төгөлдөр заллаа.

Үндэсний их баяр наадам "Улаанбаатарын үдэш" болон уяачдын наадмаар үргэлжилнэ.