Жил бүрийн наадмаар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг.
Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.
Хэрвээ хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллээр дамжуулж эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгдөг.
Эцэг, эхчүүд та бүхэн баяр наадмын ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүйн бугуйвч авахыг зөвлөж байна. Мөн хүүхэд төөрсөн тохиолдолд ойр байгаа Цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлнэ үү.
Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбай, Хүй долоон худагт нийт бага насны 205 хүүхэд төөрснийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байдаг.
Энэ жилийн баяр наадмаар гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд туслах зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлэг Төв цэнгэлдэх, Хүй долоон худгийн орчимд ажиллана.