2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11°
11:00
S26
13°
12:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Галсан: Хонгор нутгийн бөх наадмын дэвжээ холбилзуулахыг хэн байг гэх вэ

Ч.Үл-Олдох
2019 оны 7 сарын 10
Зууны мэдээ

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсанг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж наадмын болон уран бүтээлийн тухай хууч хөөрөлдлөө. 

-Улсын их баяр наадам айлслаа. Та хэдэн жил наадам үзэж байна даа?

-Ерээд жил нар мандахыг харж, 83 жил феодлын, социализмын, капитализмын үеийн наадам үзэж дээ хө. Би хэдийгээр хөлтэй атлаа явдаггүй, хэлтэй атлаа ярьдаггүй зүдүү хүүхэд байсан боловч, ээж минь гоёж өгөөд, аав минь дүүрээд наадамд очдог байж. Наадмын гайхамшигт ид шид надад найрагч болох онгод, авьяасын шүншиг хайрласан байх. Хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан шөнө зүүдэнд үзэгдээд, өдөр гийнгоо, бөх, морины цол гуншин нь чихэнд дуурсаад байдагсан.

Хууч гэвээс П.Бадарч дүү Яармаг дээр наадам үзэж яваад, мориноосоо буулгүй аавынхаа мөнгөн аяганд шээж байхыг хараад үйтэн хуар дээлтэй хүдэр цоохор хүн “Яасан эрх золиг вэ” гээд хоёр чихэн дээрээс нь өргөөд буулгачихсан юм гэдэг.

Тэр нь маршал Х.Чойбалсан гуай байсан юм гэнэ лээ. Тэгээд манай П.Бадарчийн чих туулайнх шиг болсон гэж яруу найргийн хоёр их аварга Д.Пүрэвдорж, Д.Цоодол хоёр гүрэндэглэдэгсэн. П.Бадарч маань лав далан хэдэн жил эрүүл энх, инээн баясан наадамлах гэж байна.

-“Танай нутагт наадам нэртэй олимп болдог гэл үү
 Тал дүүрэн морь уралдаж дэлтэй бүргэд түрүүлдэг гэл үү
Таван зуун хүчит бөх барилдаж, Хавт Хасар нь аваргалдаг гэл үү
Тансаг жаргалд умбасан нар жаргахаа мартаж тэнгэрт өнждөг гэл үү”  гэж бичсэн шүлгийг тань хүн бүхэн андахгүй. Таны хайртай бөх хэн бэ?

-Би бүх бөхөд хайртай. Манай Баянхонгороос ноднин Д.Цэрэнтогтох, Б.Эрдэнэхүү гэдэг хоёр начин, Н.Золбоо гэдэг нэрэндээ яг таарсан золбоотой харцага төрсөн. Ер нь төрийн томчуудын хийморь, төрсөн нутгийнхаа хийморийг бадраадаг гэж үнэн шүү. Ю.Цэдэнбал даргын үед Х.Баянмөнх, Ж.Самбуу даргын үед Ж.Мөнхбат,Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Р.Гончигдоржийн үед Г.Өсөхбаяр аваргалж байлаа.

Манай нутгийн П.Аюуш улсын наадамд түрүүлснээс хойш, “унахдаа хүртэл инээдэг” П.Сүхбат гарьд л үзүүрлэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нь, УИХ-ын дарга нь хонгор нутгийн хүү байгаа энэ үед Баянхонгорын бөх баяр наадмын дэвжээ холбилзуулахыг хэн байг гэх вэ. Эр зориг мэдэхээс бяр мэх дутахгүй шүү дээ.

-Та ямар аваргуудтай нөхөрлөж явав?

-Алдарт уяач Д.Даваахүү, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат хоёр манай бор гэрт ирдэг л байлаа. Гэрийн хийморь сэргэдэг юм билээ. Тэр жилдээ хүүхдүүд ханиад хүрдэггүй. Намайг 60 нас хүрсэн өдөр миний багш эрдэмтэн Ш.Гаадамба хүүгээ дагуулаад “Болор” архи богцлоод ирсэн.Пил генерал дүүдээ, Ж.Мөнхбат аварга найздаа мөн л гар хоосонгүй ирсэн нь надад хийморийн даллага болж, шог зохиолч Ц.Доржготов бид хоёр Ж.Батмөнх гуайн мутраас Их Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж билээ. Ш.Гаадамба багшийн дагуулж ирсэн хүү  Г.Билгүүдэй нь  одоо ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Багшийн авчирсан “Болор” нь одоо ч  бий. Би хадгалдаг юм.

-Өдий хүртэл хадгалахын  учир юу вэ?

-Монгол хүү Ж.Гүррагчаа сансарт нисэх их баярыг ташрамдуулан  хүнсний манлай үйлдвэр АПУ-гийн  бүтээсэн идээний дээж. Шил нь, шошго нь ч одоогийнхоос огт өөр.

-Д.Дамдин, Х.Баянмөнх  нарын  аваргуудтай таныг ойр байсан гэдэг?

-Үнэн. “Гарлаа, өрлөө, давлаа” гэж ганцхан амьсгаагаар зарлуулдаг Дарийн Дамдин хэмээх их аваргын тухай би “Да, Да, Да, Да, Да Дамдингийн таван нандин нууц” гэдэг ном бичсэн. “Бяртай болсны нууц”, “Унадаггүй үетэй болсны нууц”, “Таван жил таслалгүй босоо түрүүлсний нууц”, Үзэсгэлэнт хатагтай “барилдаж” үүлэн хурьж, цэнгэл үйлдэж монгол бөхийн ёс алдсаны гайгаар өвдөг шороодох болсны нууц, “Ахин 2-3 түрүүлэх боломжоо “ам мэх”-нээс болж алдсан” гэх  зэрэг таван нууц энд бий.

“Монголын шилдэг нийтлэл”-ийн XVI ботид “Босоо аваргын хоёр нууц” нэртэй хэсэглэл  нь гарсан.

-Х.Баянмөнх аваргын тухайд?

-Хонин жилийн /1991/  цагаан сарын их сорилго Спортын төв ордонд болж байлаа. Тэр цагт бөх үзэхийн тулд бүх цагаа, мөнгөө үрдэг хоёр хүн байв. Нэг нь Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, нөгөөдөх нь би. Энэ үеэр бөхийн барилдааныг “гавихгүй начин, гавьяат жүжигчин” А.Ганбаатар яруу сайхан, хэтрүү мэргэн тайлбарлаж байв. Гэвч бөхчүүд хэтэрхий удаан ноцолдож байгаад анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай, ялангуяа Бага хурлын үед дэд дарга К.Зардыхан нэлээд чилээрхэж байгаа нь бүхэнд ил харагджээ.

Тайлбарлагч А.Ганбаатар социализмын овсгоотой эр “Үзэгчид дунд өөлд өвгөн сууж байна. Та энэ бөхчүүдийн барилдааны талаар сэтгэгдлээ яриач” гээд дуун цацрал /микрофон/-аа надад атгуулчихлаа.

“Ганбаатар /арслан/ бяртай
Гай нь баахан хийтэй
Далай даян аваргын
Далыг шороодож ч чадна
Тавдугаар ангийн пионерт
Тархиараа годоройтож ч мэднэ” гэх зуур бяртай, иртэй арслан маань суначихлаа. Ё.Ишгэн заан ид барилдаж байсан цаг даа.

“Улсын хүчит зааныг
Ишгэн гээд байхдаа яадаг юм
Ухна гэж, сэрх гэж болдоггүй юм уу” гэж гүрэндэглүүт “Хамар Галсан битгий хуцаарай” гээд өвдгөө шороодчихлоо. Х.Баянмөнх аварга, Спортын төв ордны шалыг  цөмөртөл дэвсэлж, од шүүрэх нь халаг дэлэн сүрийг үзүүлсээр гарч ирэв. Би “Хар Хиру-гийн удмын үнэнхүү сайн бөх

Хатсан боорцог болоогүй баруун талын чих
Холоос, ойроос сүртэй бизоны бух
Хоёр олдохгүй Монголын ганц сайн бөх
Залгамж үедээ үлгэр домгийн Хавт Хасар

Зарлиг нь өнөөхөндөө гараагүй Хөдөлмөрийн баатар” гэнгүүт үлэг гүрвэл мэт суначихаж билээ. Намар нь найрандаа намайг өөрөө ирж урьсан. Аваргуудын манлайд намайг суулгах гэсэн,  би татгалзсан. Тэгээд “Бөхөд Хөдөлмөрийн баатар цол олгох зарлигийг нам төрөөс урд, найрагч та гаргасан. Та бөхийн түүхэнд гавьяатан суу” гэсэн. “Би аварга биш шүү дээ”  гэсэнд “Наадамд бол би аварга.

Найрагт бол та Баянмөнх шүү дээ” гэсэн. Тэгээд би Х.Баянмөнхийг /суган доогуураа гаргаж/ заан цолонд хүргэсэн Дэрмээн бор хэмээх С.Самданжигмэд гуайн хажууд сууж найрласан даа.Бөхчүүдийг зөвхөн булчингаараа бяртан гэж бодвол алдас болно.Тэд чинь тархиндаа эрдэмтэй, зүрхэндээ хүнлэг хайртай, ёс журамтай жинхэнэ монгол эрчүүд. Тэрхүү бахархам соёл дууриам хүмүүжлээ энэ жилийн наадмаар харуулж, монгол түмнээ баясгах төдийгүй, таван тивээс ирсэн жуулчдын нүд хужирлаж, эх орон ард түмнээ дэлхийд сурталчлах болтугай.

-Домогт Д.Хадбаатар аваргыг Т.Галсан гуай шоронгоос гаргасан гэж хүмүүс ярьдаг. Үнэн үү?

-Төрийн тэргүүнүүд бөх үзэж байсан тэр цагт тайлбарлагч А.Ганбаатарын өгсөн дуу цацралтыг нэг удаа “хортойгоор” ашигласан. Түмний санаа бодлыг төрд хүргэе гэж бодоод

“Дөрвөн бухаар зүтгүүлэвч дөнжийхгүй хүчтэн
Дөнжин үнээ идэвч цадахгүй ходоодтой
Хорьдугаар зууны үеийн Хавт Хасар-Хадбаатар
Хонин жилийн наадмаар барилдаж түрүүлэх болтугай”  гэсэн ганц л бадаг амнаасаа асгасан. Бөх үзэгчид төдийгүй Ерөнхийлөгч маань алгаа цан дэлдэх мэт сүртэй ташиж харагдсан.

Удалгүй Д.Хадбаатар аварга суллагдаад, миний өрөөнд ногоон хадаг барин золгохдоо чиний хэлдгээр “Намайг суллуулсанд тань баярласан шүү” гээд нулимсаа арчсан. Би аваргыг үнсэнгээ алгадаад “Би чамайг суллуулаагүй. Ард түмэн чинь суллуулсан шүү. Би бол зөвхөн түмэн хүн хэлэх гээд чадахгүй, төвөнхий дээр нь түгжрээд байсан үгийг л төр засагт уламжилсан.Далай олныхоо итгэлийг дааж яваарай.Дархан аварга болоорой”  гэж ерөөсөн.

Гуравхан хором цэнгэл эдэлснийхээ төлөө дөрвөн жил гянданд хоригдож, наадмын дэвжээнээ амжилтаа ахиулж, алдраа дуурсгах алтан боломжийг алдсан аваргын алдас хойчийн бөхчүүдэд том сургамж үлдээсэн дээ. Төрийн тэргүүнүүд ч тэр үед түмэн олны санаа бодлыг сонсдог, сонсоод өршөөхийг нь өршөөдөг, шагнахыг нь шагнадаг байв шүү.

“Гавьяатай бөгөөс шаазанчныг ч шагнатугай
Гайтай бөгөөс шадрыгаа ч шанталсугай
Энэ нь нэгэнт
Төрийн төмөр таяг учир аа
Эзэн хаан ч эндвэл
Тэргүүнээ тушаатугай” гэж миний бичсэн шүлгийг Захиргааны хариуцлагын тухай хууль хэлэлцэх хурал дээр Ерөнхийлөгч уншиж байсан шүү.

-Хурдан морины уралдаан танд ямар санагдаж байна?

-Айдсын давааны цаад жалганд нуусан морио амдуулан давхиулж түрүүлгэдэг үе өнгөрсөнд баярладаг. Харин бүх моринд халзан морины цол гуншин өгдөг нь ичмээр, “Тод магнай, торгон жолоо” гэж зөвхөн халзан, эсвэл сартай морийг цоллодог юм шүү дээ.

-Бүгээн зүсмийн  морьдыг юу гэж цоллох вэ?

-Жилийн бор туулай

Жигүүртэн бор харцгай гэнэ. Хөх бор, цагаан зүсмийн морьдыг:

-Гадгаад далайн халгидас
Ганг мөрний цалгидас…гэх мэтээр зүсээр нь ялган цоллодог соёлыг хойшид нэвтрүүлүүштэй.

-Одоо хоёулаа таны тухай, таны уран бүтээлийн тухай ярилцъя. Уншигчдад маань ухааны хишиг болно доо?

-За яах вэ, ам халсан дээр уруулаас угзар, завжнаас чангаа даа /инээв/.

-Таны  “Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд орох өв бүтээлд биеэ зарцалж явна” гэж хэлж байхыг сонсож байлаа.  “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг дуулиан тарьж, дуу болон аялагдаж, олон шагнал түүсэн номуудаа хэлж байна уу?

-Үгүй дээ. Тэр бол Ардын уран зохиолч болохоос өмнө Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан байх үеийн бүтээл. Би нэг сумаар хоёр туулай буудах анчин биш.

-Тэгвэл  “Үүл нүүсэн хөх тэнгэр”,  “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиуд, шуугиан тарьснаа хэлж байна аа даа?

-Манай утга зохиолын хамгийн том судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, эрдэмтэн /доктор/, их багштан /профессор/ Д.Цэнд, Д.Галбаатар зэрэг олон мэргэд “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” гэж шүүмж бичсэн. Тэр ч байтугай В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл” гэж үнэлсэн.

Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, БНМАУ маань НҮБ-д элсэхэд улсаа төлөөлсөн анхны элч, эрдэмтэн багш Дондогийн Цэвэгмид ерөнхий шүүгч үедээ О.Дашбалбар, С.Дулам, Д.Отгонсүрэн нарын гайхамшигт шүлгийн урд миний уншсан есөн жирмийн сүлжээг шалгаруулан “Болор цом” гардуулсан түүхтэй. Тэгээд ч манай Зохиолчдын хороо “Жирмийн сүлжээ” ботиудыг  удаа дараа Төрийн шагналд дэвшүүлж байлаа. Бид чинь утга зохиолынхоо судсыг барьж, ололтыг оношилдог хороотой хүмүүс шүү.

-Таныг шүлэг зохиолоо туурвих цаас үзэггүй, сонины зах, харуулдсан банзан дээр бичдэг байсан гэдэг үнэн үү. Яагаад…?

-Хэлмэгдэж цөлөгдөөд, тэмээ хариулж явсан үе. 1969 оноос миний цалинг сард 70 төгрөгөөр тогтоож өгсөн. Тэр нь амьдралд хаанаа ч хүрдэггүй. Гэвч тэр цагийн мөнгө бяртай байж. Ямаа авч хүнсэлнэ, Үнэ нь 25 төгрөг,  10 кг гурил авахад 10 төгрөг. Сэтгэл хямарсан хүн, “Шилтэй цэнхэр” хоёр найзладаг нь үнэн. Нэг лонх архи 22 төгрөг. Таваг цайлгахын учир хайрцаг цасан чихэр авна. Үнэ нь таван төгрөг байлаа.

-“Цасан чихэр”  гэж юу билээ?

-Та нарын “ёотон”, “элсэн чихэр” гэдгийг монголчууд цасан чихэр гэдэг байсан юм. Эх оронч, эрдэмтэн мэргэн, Ерөнхий сайд А.Амар гаальчдыг “Гадаадаас ирж байгаа бүх барааг монголоор нэрлэж бай” гэж үүрэгдсэн байж. Тэгээд Эрхүүд төгсөн “эрлийз” хэлтэнгүүд “песок” гэдэг нь элс, “сахар” гэдэг нь чихэр гэж мэдэмхийрээд “элсэн чихэр” гэдэг эргүү үг дэлгэрүүлчихжээ. Элс шар өнгөтэй, уусахгүй. Эх хэлээ ингэж л сэглэдэг дээ. Цас өнгө нь цагаан, усанд уусна. Уусахаараа “усан чихэр”,хөлдөхөөрөө мөсөн чихэр, нунтаг нь “цасан чихэр”. Эрүүл сэтгэхүй гэдэг энэ.

Үгийн мэргэн ончийн тусгал гэдэг энэ дээ хө. Чи бид хоёр гол сэдвээсээ хазайчихлаа. 25+22+10+5 =62 төгрөг болж байгаа биз. Нэгээс хоёр ном заавал авна. Үнэ нь 10 гаруй төгрөг. Тэгээд л үзэг, цаасаар үнэнхүү гачигдаж явсныг чи онож асуулаа. Хүүхдүүд нь тарсан сургууль, хөгжимчин нь эзгүй төгөлдөр хуур шиг болдог доо. Тэр үеэр дотуур байр нэгжихэд дутуу бичсэн дэвтрийн хэдэн хуудас олоод алт олсон залуу хайгуулч шиг баярладагсан.

Банзан дээр гэдэг нь мужаан болсон үеийн явдал. Жимбээ гэдэг малчин үерт амь эрсэдсэн үед авсыг нь хийж байтал онгод морилдог юм.  Эвий хөөрхий талийгаачийн эцсийн замд нь үдэх авс гаднаа ч, дотроо ч өргөстэй байх ёсгүй биз дээ. Арваад банз гөлийтөл харуулдсан байв. Тэрхүү авсны банзан дээр

“Эрдэнээр эрдэнээр хайлаад ч
Эргээд олдохгүй ээж минь
Алтаар алтаар уйлаад ч
Ахиад заяахгүй аав мину” гэдэг одоо дэлхий даяар дуулагдаж байгаа монгол дууныхаа шүлгийг бичсэн гээд бод доо.

Эхлээд хойд хөрш том гүрэнд ЗХУ-ын Ардын жүжигчин Дугар Дашиев дуулсан. Бас хэн ч гэнэ вэ, хоёр орос дуулсан. Урд хөршид алдарт дуучин Тэнгэр дуулж, монгол сонсогчид нь уйлсан уярсан гэнэ лээ. Саяхан Зан Ли гэдэг бүсгүй нэн гайхамшигтай дуулсан гэж сая Хөдөлмөрийн баатар болсон, уг нь Улсын баатар байх гавьяатай, Чингис хааны одонт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав маань ихэд бахархан магтаж байна билээ.

“Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулсан Япон дуучин Юми их далайн наран татлага, саран түрлэг мэт дуулсныг монголчууд гайхдаг. АНУ-д Болор Номатик дуулахад монголчууд уйлжээ. Нэг америк хүн “Юу болоо вэ.Монголын худалдааны төвийг онгоц мөргөө юү” гэж гайхахад

“Эрдэнэ бол олдноо
Ээж олдохгүй шүү
Алт бол олдноо
Аав олдохгүй” гэж дуулж байна. Нутгаа, аав ээжийгээ санасан хүмүүсийн нулимс асгарлаа гэхэд мөнөөх сониуч хүн ч нүдээ арчсан байна, бичлэг нь бий.

-“Аав, ээж хоёр минь” дууны хөшөөг Төрийн ордны баруухан хойно, Ж.Самбуу гуайн хөшөөний харалдаа эгнээний зурвасхан цэцэрлэгт, усан оргилуурын дэргэд энэ хавар босгосныг бид мэднэ. Одоо амраг хосуудын болзооны цэцэрлэг болсон байна лээ, танд баяр хүргэе?

-Билиг танхай Б.Шаравт  минь  баяр хүргээрэй. Мэргэжлийн дуучны өндөр зиндаанд хүрсэн эсэхийг энэ дууг дуулуулан шалгадаг гээд бод. Х.Уртнасан, А.Долгор гээд олон хүн  Ардын жүжигчин, О.Ичинхорлоо, Б.Жавзандулам гээд олон   дуучин гавьяат жүжигчин болсноо энэ дуутай холбож ярьдаг даа. Аль 30 жилийн өмнө манай Н.Жанцанноров “Нийтийн дууны урлагт шинэ үзэгдэл боллоо” гэж оношилсон нь оносон бололтой.

-Та  “Монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд орох өв соёлд биеэ зарцалж яваа” гэдгээ  дэлгэрүүлж ярьж өгнө үү?

-Нэг дэх нь, “Монгол Жангар”-ын хоёр боть байна.Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн оюуны бүтээлийн шилдгийн шилдгээр шалгарсан сонгодог тууль. Сонгодог гэхийн учир нь эрээвэр хураавар бөлгүүдийн цуглуулга биш. Эхлэлтэй, өрнөлтэй, оргилтой, төгсгөлтэй, агуулгын цараа өргөн, яруу найраг нь тансаг тууль л даа.

Их эрдэмтэн Л.Хүрэлбаатар, академич Х.Сампилдэндэв, тууль судлаач доктор, профессор Б.Катуу зэрэг олон эрдэмтэн “Монгол үндэстний гал голомтыг хэдэн мянганы тэртээгээс бадраан сахиж буй монголчууд анх удаа “Жангар”-ын иж бүрэн сонгодог туурвилыг дэлхийн соёлт хүн төрөлхтөнд өргөн барилаа” гэж үнэлсэн дээ хө. Одоо дөрвөн боть, толь бичигтэйгээ таван боть бэлэн болоод хэвлэх эзнээ хүлээж байна.

Энэ чинь монгол соёлоо дэлхийд гайхуулах өвийн манлай шүү дээ. Хоёр дахь нь “Монгол бэлгэ үг” –ийн хоёр боть байна. 10 жилийн урд уншигчдад очсон. Эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш С.Дулам “Бэлгэ үгийн билиг оршихуй” гэдэг эрдэм шинжилгээний өгүүлэлдээ эдгээр ботийн нийгмийн, соёлын, хэлний,хэрэглээний  ач холбогдлыг ялган салгаж дурдаад:

“Монгол хэл, соёлыг маань мохоон ядууруулж болзошгүй нэгэн гамшиг нүүрлээд байгааг хүн бүхэн улиглан ярьдаг боловч, биетэй, бодтой хувь нэмэр оруулсан хүн тийм ч олон биш. Т.Галсангийн өөрийнх нь эрэмбэлж, сэлбэн сэтгэсэн бэлгэ үгсийг зүйлчлэн ангилсан байдлаас олж ядан тулгамдах үесдээ “лавлах бичиг” болгон хэрэглэж болохоор давуу талтай болжээ” гэсэн нь бий.

“Бэлгэ үг” хэмээх харласан сэтгэлийг сүлдэг сүүн үг, харанхуйлсан гунигийг сүлдэг гэрэл үг бол бас л Монголын их өв. Одоогийн хэллэгээр биет бус оюуны өв. Тэр их өвийг ах нь тэмээчин, ямаачин, тууварчин, мужаанч, мах комбинатын ясчин, ачигч байхдаа ард түмэндээ барьсан юм. Одоо олон нийтийн шаардлагаар гурав дахь удаагаа хэвлүүлэн түгээх байна даа. Ямар вэ, өвийн өглөг, өвгөн туульчийн хишиг мөн биз?

Гурав дахь нь “Монгол ертөнцийн гурав” гурван ботийг ард түмнийхээ алган дээр тавьсан. Монгол соёлынхоо ололт амжилтанд баясдаг, гутамшиг завхралд гунин харуусдаг Хөдөлмөрийн баатар  зохиолч Л.Түдэв “Галсангийн хэвлүүлсэн бүтээл туурвилыг сөхөн үзвээс сүүлийн хагас зууны шинэ монгол уран зохиолд өөр өрсөлдөгчгүй нэгэн болсон гэхэд үгүйсгэх аргагүй.

Тэр ард монголынхоо үүц их соёлын авдартай эрдэнэсийн түлхүүр баригч” хэмээсэн нь өвгөн надад урам зориг, урлан бүтээхийн нартай хур болсон доо. Одоо таван боть болчихоод миний урланд хөглөрч хэвтээ навтрагаас биш, урд гарсан гурван ботиос гүн ухаантны эх орон Германд “Монгол ертөнцийн гурав” гэдэг дөрвөн дэвтэр герман хэлээр орчуулагдан гарчээ.

Барууны гүн ухаан бол суурьшил  иргэний гүн ухаан /философи/ юм. “Монгол ертөнцийн гурав” бол нүүдэл иргэний гүн ухаан юм. Энэ хоёрын орчих орчил дээр шинэ гүн ухаан гарна гэж үнэлсэн хүн ч бий.

“Үнэндээ  Т.Галсан абугайн сурвалжлан цуглуулсан таван боть, язгуур болон хувилбарт түмэн “Ертөнцийн гурав” бол гурван улсын хилийн наана  цаана орших таван хэсэг монголчуудын аман зохиол судлагч эрдэмтэд хийгээд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулийн мэргэжлийн тэнхимүүд ч гүйцэлдүүлж чадаагүй байгаа их ажлыг ганцаараа нугалж өгсөн нь баярлавч баршгүй” гэж Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн профессор, хэл бичгийн ухааны доктор Д.Галбаатар “Үрс хойчдоо гурвантаа уншиж өгөх болтугай” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлдээ бичжээ. Бас тэр байтугай олон мэргэдийн үнэлгээ бий.

Хэрэв энэ бүхэн үнэн бол би Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш, Монгол Улс, монгол үндэстнийхээ нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд Монгол өв соёлоо түүчээлэхийн төлөө үсээ шингэлж, чөмгөө дундалж, оюунаа онгичиж яваа өвгөн гэдэг нь үнэн болж таарна даа хө. Үг олдлоо, үйлс холдлоо. Намар болбол өвөл болохгүй хэчнээн удах вэ. Наян хэдэн жил наадам үзлээ.

Цаана нь хэдэн жил наадахыг хэн мэдлээ. Үхэл бидэн хоёр өөд өөдөөсөө гүйж байна. Хоёр талаасаа хурдлахын хэрээр хоорондох зай ойртож байна. Гэвч эх орондоо, эх хэл бичиг соёлдоо, эрхэм үйлстээ үнэнч байсныг харгалзан чөтгөр чөлөө өгсөөр…Бурхан буянаа хайрласаар сайн сайхан явна даа. Монгол түмэн минь сайхан наадаарай. Дээрээс 99 тэнгэр инээтүгэй. Доороос 55 лус савдаг ивээтүгэй.

x