Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор хилээр гаргахыг дахин таван жилээр хориглов

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдөр болсон хуралдаанаас идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг хориглох тухай тогтоолыг баталсан байна.

Монгол Улсын бахархалт шувуугаар өргөмжилсөн энэхүү шувууг 2013 онд анх гадагш гаргахыг таван жилээр хориглох тогтоол гаргаж байсан уг тогтоолыг ийнхүү дахин таван жилээр сунгахаар болсон талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ. 

2013 онд манай улсад 7,800 орчим идлэг шонхор тоологдсон бол 2018 оны тооллогоор 10,600 болж нэмэгдсэн аж. Цаашид идлэг шонхорыг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайд дурдлаа. Ялангуяа, цахилгааны утаснаас үүдсэн хорогдлыг бууруулахаар ажиллаж байгаа гэдгээ хэлэв. 

Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн 10 жил яригдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас хасах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр сумын төвийн иргэд өөрсдийн амьдарч буй газраа хуулийн дагуу өмчилж, эзэмших эрхтэй болж байгаа аж. 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30, урт нэртэй хуулийн бүсэд хамаарах газар нутгийн 50 хувийг улсын тусгай хамгаалалтад авах бодлогын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт нутгийн 19 хувийг тусгай хамгаалалтад авсан гэдгийг Н.Цэрэнбат сайд мэдэгдлээ.