Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбадрал: Иргэдийг өв соёлоо сурах сэдлийг төрүүлнэ

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баяр наадмын үеэр урлаг соёлын арга хэмжээ цөөнгүй болдгийн нэг нь “Соёлын наадам” билээ. Энэхүү наадмыг 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил 12 дахь жилтэйгээ золгож байна. “Соёлын наадам”-ын талаар зохион байгуулагч СУИС-ийн багш Ж.Мөнхбадралаас тодрууллаа.

-Жил бүрийн наадмаар тогтмол болдог “Соёлын наадам”-ын энэ жилийн онцлог юу вэ?

-Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой соёлын наадмыг долоодугаар сарын 11, 12-нд Хүй долоон худаг дахь “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна. Манайхтай адил иймэрхүү арга хэмжээнүүд нэг, хоёр жил яваад ахин зохион байгуулдаггүй. Гэтэл “Соёлын наадам” бол 12 жилийн турш тогтвортой зохион байгуулагдаж ирснээрээ том давуу талтай.

Бас нэг онцлог нь гэвэл монголын үндэсний их баяр наадмын өдрүүдээр яг морь барианы газрын хажууд болдог учраас гадаад, дотоодын жуулчдад монголын урлаг соёл, ёс заншлыг таниулахад ихээхэн үүРэг гүйцэтгэж байгаа юм. Энэ жил манай наадмын гол онцлог нь “Юнеско”-оос гаргасан соёлын таван ай савд хандаж байгаа. Наадамчин олон маань баяр наадмаар алжаал ядаргаагаа гаргаж амрахаас илүүтэйгээр оюуны амралт руу ихээр анхаардаг болсон байна. Тийм ч учраас бидний "Соёлын наадам” ирсэн гадаад, дотоодын жуулчдад үндэснийхээ соёлоос бага ч гэсэн суралцуулах болно.

Тухайлбал, соёлын наадмын үеэр эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг тоглоом наадгай, уламжлал зан үйл баяр ёслол, ардын уламжлал мэдлэг арга ухаан, уламжлалт гар урлал, нум сум харваа, уран бичиг, эсгий урлаг, үндэсний хувцас урлал чиглэлээр бэлдсэн өртөөнүүдэд ирж өөрийн гараар үндэсний соёлын өвөө сурах боломжтой.

Мөн энэ жил монгол морийг онцлох болно.

-Энэ жилийн наадам хэдэн хэсгээс бүрдэх вэ?

Энэ жилийн соёлын наадам хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь Монголын нэг өдөр. Өөрөөр хэлбэл, эхний хэсэгт нүүдэлчдийн соёлын хотхон. “Монгол морь ’’ сэдвийн хүрээнд үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг таниулах зорилготой. Хоёр дахь хэсэг нь “Сэрсэн тал ” урлагийн тоглолт болон “Морьтны гайхамшиг" шоу тоглолт. Хоёр өдрийн турш, өдөрт гурван Удаа тоглоно.

Мөн долоодугаар сарын 11-нд СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг Өмнөд Солонгосын “Жеол Дае Га" хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй тоглоно.

-Монголын нэг өдөр хотхон нь “Монгол морь” гэсэн сэдэвтэй байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Монгол үндэсний соёлыг таван ай сав хувааж ангилдаг. Түүнээс харахад нэг ай сав дээр асар олон төрлийн соёлын өвүүд байдаг. Тийм учраас бид “Соёлын наадам”-аараа дамжуулаад тэдгээр ай савд багтаж байгаа нэг соёлын өвийг бүрэн танилцуулах зорилготой байгаа. Энэ жилийн хувьд монгол морийг онцолж сонгож авсан. Тэгэхлээр өртөө бүр дээр морьтой холбоотой зүйлсийг нь татаж гаргаж ирнэ.

Эх хэл аман уламжлал гэдэг хэсэг дээр морины цол, гийнгоо байна. Ардын гар урлал дээр дан адууны тоног хэрэгсэл бугуйл, чөдөр, ногт, хазаар хэрэглэлүүд байна. Эдгээр зүйлсийг хийж үзүүлэхээр бэлдсэн байгаа. Мөн залуучуудад бугуйл шидүүлэхээр бэлдсэн. Үүгээр дамжаад суурин газрын залуучууд маань адууны толгой олж сурна. Бугуйлаа зөв эвхэж сурах болно.

Язгуур урлаг дээр морин хуур хөгжмөө заана. Биелгээ дээр морины явдлаас санаа авсан жороо хөдөлгөөн гэх мэт зүйлсийг ирсэн зочдодоо зааж сургахаар бэлдсэн байна.

-Дээр дурдсан зүйлсийг мэргэжлийн хүмүүс өртөө бүр дээр заах уу. Мөн залуучуудад бугуйл шидүүлж сургана гэж байна. Ингэхэд нь адууны толгойг ямар нэг зүйлээр орлуулах уу?

-Жуулчид болон манай монголын наадамчид бидний дэлгэн үзүүлж буй өв соёлд суралцах их хүсэлтэй байдаг. Ялангуяа манай улсын иргэд өөрсдийн өв соёлоо өвлөн уламжилж, мартсанаа сэргээхээр маш их хичээх болсон. Тиймээс бид дээрх зүйлсийг бүгдийг нь мэргэжлийн хүнээр наадамчдад заалгуулна. Ингэснээр наадмын хоёр өдөр өвлөн уламжлагчийн хэмжээнд сурахгүй ч цааш өв соёлдоо суралцах сэдлийг нь иргэддээ төрүүлэх болно. Бугуйл шидүүлж сургахын тулд адууны толгойг орлуулна. Наадмын өртөөн дотор адуу оруулж ирээд бугуйлдуулах боломжгүй. Өртөөнүүдээр бүрэн дамжаад дууссан тохиолдолд бид урамшуулал өгнө. Нийт таван өртөө байгаа.

-Өртөөний төлбөрт үйлчилгээний үнэ хэд вэ?

-Бид нар хасаа бэлдсэн. Нэг хасаа нэг мянган төгрөгийн үнэтэй. Хоёр хасаагаар нэг өртөөний бүх үйл ажиллагаанд бүрэн оролцох боломжтой байгаа.

-“Соёлын наадам”-ыг өнгөрсөн хугацаанд хэдэн хүн үзсэн юм бол. Энэ тоог гаргаж үзсэн үү?

-Бидний судалгаагаар өнгөрсөн хугацаанд нийт 10 гаруй мянган хүн үзсэн гэсэн тоо гарсан. Үүний хоёр мянга гаруй нь гадаадын жуулчид юм.

Зураг