Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Британийн ерөнхий сайдтай муудалцаж, элчин сайдтай нь харьцахгүй гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Вашингтонд суух Британийн элчин сайд Ким Даррокын засгийн газартаа илгээсэн нууц тайланг The Mail сонин нийтэд ил болгосон нь холбоотнуудын харилцаанд асуудал үүсгээд байна.

Уг тайланд Даррок АНУ-ын одоогийн засаг захиргааг “чадвар муутай”, “үйл ажиллагааны доголдолтой” гэх зэргээр шүүмжилсэн байжээ.

Тэгвэл Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер сүлжээгээр уур бухимдлаа илэрхийлсэн байна. Тэрээр зөвхөн Ким Даррок руу довтлоод зогсолгүй, элчин сайдаа өмгөөлсөн Британий ерөнхий сайд Тереза Мэй рүү дайрч давшилсан юм.

“Би энэ элчин сайдыг сайн мэдэхгүй. Гэхдээ тэр АНУ-д дургүй, сайн санаж явдаг хүн биш бололтой. Бид түүнтэй дахиж харьцахгүй” гэж Трамп твиттер хуудсандаа бичжээ.

Дараа нь тэр “Британийн ерөнхий сайд Тереза Мэйн Брэкзитийг удирдаж байгаа арга барилд би маш их шүүмжлэлтэй ханддаг. Тереза болон түүний хүмүүс ямар будлиан хутгасныг хар. Би түүнд үүнийг яаж хийхийг хэлж өгсөн ч тэр өөр замаар явсан. Аугаа Их Британийн аз болоход энэ улс удахгүй шинэ ерөнхий сайдтай болох гэж байна” хэмээн үргэлжлүүлсэн юм.

Нууц тайланг нь хэвлэлд ил гаргасныг Британийн засгийн газар байж боломгүй үйлдэл гэж буруутгасан ч Вашингтон дахь элчин сайд Ким Даррокт итгэж байгаагаа илэрхийлээд байна.

Ийнхүү Атлантын далайг дамнасан хамгийн ойрын холбоотнуудын харилцаанд томоохон хагарал бий болоод байна.

 

Эх сурвалж: AFP