Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Жанцанноров: Хүндээ эх орон нь үнэтэй, эх орондоо ч хүн нь үнэтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн дээд цол, одон медалиар зарим эрхмийг шагнасан билээ.

Энэ өдөр Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэсний онцлог, хэв маягийг шингээсэн өөрийн өнгө аяс бүхий ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээл сод, сонгодог бүтээлүүд туурвин, дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хэмээн Чингис хаан одонт, Төрийн шагналт хөгжмийн  зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров "Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад чухал үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Төрийн тэргүүнийхээ нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар цолыг гардууллаа. Бид төрийн энэ их хишгийг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажууллаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн дээд аливаа шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээс илүү бүтээсэн бүтээлийг нь үнэлж цэгнэн, дахин баталгаажуулж буйн гэрч бөгөөд түмэн олондоо бүтээл туурвил хийж, өөрийн мэргэжил болгоноор авьяас чадвараа сорьж ажиллахыг уриалан дууддаг чухал зүйл гэж би ойлгодог. 

Ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөөх цаг бидэнд ирлээ. Ийм цаг үед монголчууд бид бие биеэ маш сайн ойлгож, ухаарч, энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд үндэснийхээ соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үүний дараагаар "Эх орны үнэ цэнэ гэж юу вэ?" гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Хүн хаана унаж, ургаж төлжсөн байна, тэр нь амийг нь холбодог. Тэр холбогдсон амины төлөө амьд хүн зүтгэлгүй яах вэ. Тиймээс хүндээ эх орон нь үнэтэй, эх орондоо ч хүн нь үнэтэй" хэмээн хариулсан юм.