Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Наадмын үеэр олон жилийн туршлагатай эмч, мэргэжилтнүүд жижүүрээр ажиллана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN

Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар холбогдох байгуулагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яам 32-30-02 утсаар мэдээллийг яаралтай хүлээн авна

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Баярын өдрүүдэд Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн байдалд, 24 цагийн жижүүр гарган ажиллана. Бүх түвшний эрүүл мэндийн байгууллагад энэ чиглэлийн албан даалгавар хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн яам шаардлагатай тохиолдолд 32-30-02 утсаар мэдээллийг яаралтай хүлээн авч ажиллана.

Гэхдээ иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаасаа өмнө эрүүл мэндийн хувьд эрсдэлгүй байх тал дээр хувь хүн, өрх гэрийн түвшинд бэлтгэлээ хангах хэрэгтэй. Тиймээс идэх хоол хүнс, амрах орчин, унах унаа гээд бүх зүйлээ эрүүл аюулгүй, эрсдэлгүй байлгах тал дээр анхаарахыг зөвлөж байна" гэлээ. 

ГССҮТ баяр наадмын өдрүүдэд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

 
Гэрэл зургийг Mpa.mn

ГССҮТ-ийн эмч П.Баярсайхан "Гэмтэл согог судлалын үндэсний төв баяр наадмын өдрүүдэд ч 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баяр наадмын өдрүүдэд иргэд амралт зугаалганд явж, хорхог, боодог хийдэгтэй холбоотойгоор түлэгдэж, гэмтэх тохиолдолд харьцангуй их гардаг. Мөн бага насны хүүхдүүд гэмтэл, бэртэлд өртөмтгий байдаг учраас хүүхдүүддээ анхаарал сайн тавихыг зөвлөж байна" гэсэн юм.

Наадмын үеэр "Торгоны зам" олон улсын тэмцээний бэлэн байдлыг давхар хариуцана

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд холбогдох удирдлагуудыг мэдээллээр хангах тал дээр бид ОБЕГ, МХЕГ-тай уялдаа холбоотой ажиллана. Баяр наадмын үеэр олон жил ажилласан туршлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаа жижүүрт томилохыг Эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон. 

Энэ жилийн баяр наадмын онцлог нь энэ сарын 9-13-ны хооронд "Торгоны зам" олон улсын тэмцээн Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж, нийт 550 тамирчин, 1,600 орчим туслах ажилтан орж ирнэ гэсэн тоон мэдээлэл бий. Тийм учраас бид энэ тэмцээний бэлэн байдлыг давхар хариуцаж байна.

Тиймээс манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан яаралтай тусламжийн салбар зөвлөлийн дарга нар тухайн үйл ажиллагаа болох газруудад хяналт тавьж ажиллахаар болсон" гэв.