Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 13-нд Монгол, Солонгосын уран бүтээлчдийн тоглолт Улаанбаатарт болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой 2020 онд тохиох юм.

Үүнтэй холбогдуулан Сөүл хотын зүгээс долоодугаар сарын 11-ний үдэш Д.Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр "Гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэх аж.

Энэхүү арга хэмжээнүүд нь Сөүл хотоос Улаанбаатар хотод илгээж буй бэлэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эдгээр үйл ажиллагааны талаар Найруулагч, продюсер Д.Гарьд "БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны болон Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны ой баярыг угтан баяр наадмын өдрүүдэд хоёр үйл ажиллагаа зохион байгуулна. Нэгдүгээрт Гэрэлт дроны үзүүлбэр долоодугаар сарын 11-ний орой болно. Энэхүү үзүүлбэр нь Улаанбаатарын үдэш тоглолтын хаалтын үйл ажиллагаа болж 01:00 цагаас эхэлнэ. Үүнийг бид гэнэтийн бэлэг болгохоор төлөвлөж байна. Тиймээс ч бэлтгэлээ хотоос зайдуу нууц газар хийж байгаа.

Харин энэ сарын 13-нд Сөүлийн гудамжинд буюу Циркийн ард талын задгай талбайд "I UB-Seoul U Song & Dance Festival" гэх энтертаймэнт үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулна. Энэ нь хоёр хотын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой тоглолт учраас манай залуус өргөнөөр оролцохыг уриалж байна. Тоглолын үйл ажиллагаа тухайн өдрийн 17:00 цагт эхэлнэ. Гэхдээ бүтэн өдрийн турш Сөүлийн гудамжинд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар бид ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь ойн баяруудыг угтан Сөүл хотоос Улаанбаатар хотод илгээж буй бэлэг юм" гэв.

Тоглолтоос гадна бүхэл өдрийн туршид төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Vitamin tree Gobi" компанийн захирал Ө.Жавзандулам "Ихэнх хүмүүс наадмын эхний өдрүүдэд бөх, морио үзээд завгүй байдаг зарим нь хотоос гараад явчихдаг учраас  "I UB-Soel U Song & Dance Festival"-ыг 13-ны өдөр зохион байгуулахаар болсон. Тоглолтоос гадна бүхэл өдрийн туршид Монгол болон Солонгос үндэсний хувцасыг өмсөж зураг авхуулах, янз бүрийн байдлаар хөрөг зураг зурах, Солонгос Монголын соёлын төстэй талуудыг харуулсан төрөл бүрийн тоглоомууд явуулна. Мөн өндөр шагналын сантай бүжгийн тэмцээн болно. Тиймээс залуучууд болон аялал жуулчлалаар ирсэн гадныхан их сонирхох болов уу гэж бодож байна. Тоглоом, тэмцээн бүр олон төрлийн бэлэгтэй.

Бүжгийн тэмцээний бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр байр 2.5 сая төгрөг, Хоёрдугаар байрт хоёр уран бүтээл шалгаруулан тус бүр нэг сая төгрөг, Гуравдугаар байрт таван уран бүтээл шалгаруулж, тус бүр 400 мянган төгрөгийн шагнал олгоно.

Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын ИТХ-ын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан төлөөллөгчид ирж Сөүл хотын даргын мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцана" гэлээ

БНСУ-ын Orange Ocean компани, Улаанбаатар хотын захиргаа, "Vitamin tree Gobi" компани дээрх үйл ажиллагааны зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.