Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарт "Хөдөлмөрийн баатар" цол олгоно

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар өнөөдөр шагнана. Шагналыг 11:40 цагт Ерөнхийлөгч гардуулах тов гарчээ.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын дөрвөн хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох мэдээлэл байна.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Гарын таван хуруу", "Гарьд магнай", "Би чамд хайртай", "Намрын халуун өдрүүд", “Сүүдэр", "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Шарга даага” зэрэг киноны хөгжим, Морин хуур, Алтан намар хөгжмийн концерт гээд олон уран бүтээлийг монголчуудын сэтгэлд хоногшуулсан байдаг.

Монголын хөгжмийн урлагийн сор бүтээл болох “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон сайхан уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав туурвисан билээ.

 

Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнадаг уламжлалтай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.