Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын улс төрийн ирэх 20 жилийн гол тоглогчид өнөөдөр тодорно

П.Пүрэв, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны VI их хурал өнөөдөр болно. Улс орон даяар сүлжээ төв байгууллагатайн дээр Монголын нийт залуу үеийнхний 30 хувийг гишүүнчлэлдээ багтаадаг тус байгууллагыг МАН-ын дэргэдэх гэдгээр нь олон нийт андахгүй.

Тиймээс ч шинэ ерөнхийлөгч болон тэргүүн дэд ерөнхийлөгч төдийгүй Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх энэ удаагийн их хурлын тов зарлагдахгүй удсаар cap гаруйн хугацааг өнгөрөөсөн. Үүний цаана тус нам дахь дотоодын зөрчил болоод НАМЗХ-гоор дамжиж УИХ-ын гишүүн болох, МАН-агентлагийн албан тушаалын хуваарилалтад нэрээ бичүүлэх сонирхолтой залуусын амбиц тээг болсон нь нууц биш.

Тухайлбал, тус холбооны одоогийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд өнөөдрийг хүртэл МАН дахь дотоод нөлөөгөө хэвээр хадгалах хүсэл нь НАМЗХ-ны жирийн гишүүдийг өргөх бичиг барихад хүргэсэн. Тэрбээр 2015 оны зургаадугаар сарын 20-ны өдөр тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Хариуцлагатай залуу, Хүчирхэг Монгол” уриаг хэрэгжүүлэхээ амласан.

Харамсалтай нь, тус холбооны квотоор УИХ-д нэр дэвшиж, хууль тогтоох засаглалын бүрэлдэхүүнд багтахтайгаа зэрэгцэн унаган холбоогоо мартчихсан. Орон даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь бүү хэл оройлон манлайлж, залуусын дуу хоолойг төрд хүргэх, эрх ашгийг хамгаалах үүргээ ч умартсан. Нэг ёсны эргэх холбоогоо өдөр хоногоор эрчимжүүлж, залуу үеийн манлайллыг төрд хүргэх тухай өөрийн үгээ тэрбээр УИХ-ын гишүүн болохтойгоо зэрэгцэн ор тас мартсан нь нууц биш.

Түүгээр ч зогсохгүй 35 насаар хязгаарлаж байсан холбооны гишүүнчлэлийг хүндэт гишүүн гэдгээр халхавчлан, Бодлогын зөвлөл болгож өргөтгөн 39 нас болгон их хурлынхаа 339 гишүүний 72.56 хувийн саналаар 2015 онд өөрчлүүлж дөнгөсөн ч тусыг үзүүлээгүй.

Нэг ёсны Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн болж, НАМЗХ-ын үйл ажиллагаа таг зогссон гэсэн үг. Тиймээс ч намын болоод холбооны дотоод дүрмээрээ зургаадугаар сарын 20-ны дотор хуралдах ёстой байсан VI их хурал нэг сараар хойш татагдаж, Г.Тэмүүлэн ерөнхийлөгчийн хурал зарлахгүй байх сонирхол ил, далд хэлбэрээр биечлэн хэрэгжсэн гэж байгаа юм.

Энэ нь зөвхөн хувь улстөрчийнх нь сонирхлоос улбаалаад зогсохгүй түүний аав болох “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэсэн захирал асан Ч.Ганзоригийн хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдалтай холбоотой гэдэг яриа НАМЗХ-ын гишүүдийн эрчимжээд удаж буй. Иймд тус холбооны 17 аймаг, долоон дүүргийн салбар зөвлөлийн удирдлагууд нэгдэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагын талаар НАМЗХ-ны гишүүн Т.Сайнжаргал, Ү.Оюунжаргал нар дээрх үндэслэлээр тайлбарласны зэрэгцээ “Холбооны гишүүнчлэлийг хатуу 35 насаараа барих. Намын удирдлагуудыг хүндэтгэлийн чанартай оруулдаг дүрмийг өөрчлөх. Их хурлыг долоодугаар сарын 9-ний өдрөөс өмнө хуралдуулах” гэдэг давхар давхар шаардлага тавьж байсан юм.

Улмаар шаардлага ёсоор болж, өнөөдөр НАМЗХ VI их хурлаа Монгол Улс даяар байгуулагдсан салбар зөвлөлийн байгууллагынхаа төлөөлөл болсон гишүүдийн бүтэн ирцтэй хийх гэж буй нь энэ.

Тэгвэл уг их хурлын гишүүдийн олонхын саналаар хийгдэх дүрмийн эхний өөрчлөлт нь насны хязгаарыг 18-35 гэдгээр хатуу хязгаарлах санаачилга байх бололтой юм билээ. Түүнчлэн гишүүнчлэлийн наснаас давсан ашиг сонирхол ихтэй улстөрчдийг холбооноос холдуулах үүднээс 39 хүртэлх насны гишүүдийг багтаадаг бодлогын зөвлөлийг татан буулгаж мэдэх юм.

Дээр нь, хамгийн сонирхолтой магадгүй дээд үеийн улстөрчдөө холбооноосоо шахах нэг том дүрмийн өөрчлөлт нь НАМЗХ-г Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо байх үеэс нь удирдаж ирсэн үе үеийн ерөнхийлөгч нарт олгодог хүндэт гишүүнчлэлийн картыг хүчингүй болгох замаар тэдний өндөр нөлөөг хүчингүй болгох шинэчлэл юм.

Энэ бол НАМЗХ-ын VI их хурлаас гарахаар яригдаж буй реформын гэмээр дүрмийн өөрчлөлт бу юу үйл ажиллагааны бие даасан байдлаа хадгалах, дархлах шинэчлэл. Мөн МАН-ын залуусын намдаа төдийгүй намынхаа лидерүүдэд барих гэнэтийн хатуу бэлэг. Учир нь, энэ өөрчлөлтийг хийхгүйгээр НАМЗХ бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүйн дээр лидер дагасан эрх ашгийн тоглолтод үрэгдээд, үнгэгдээд дуусах хугацаа нь ирэх 20 жилээр хэмжигдэх тулд тэд ийн бие даахаар шийдсэн бололтой юм билээ.

Ийн хатуу бодох нь ч бас аргагүй. Үүний хариулт нь, НАМЗХ-г анх байгуулахад удирдаж явсан улстөрч бол яах аргагүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр цаашид МАН-ын даргын хувиар хэрэв хүндэт гишүүнчлэлийн карт эзэмшиж гэмээнэ НАМЗХ-ын үйл ажиллагаанд шууд бусаар ч болов оролцож таараа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тухайд ч адилхан. НАМЗХ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж, түүгээрээ дамжиж улс төрд өөрийн орон зайг бүрдүүлсэн нь нууц биш.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд ч энэхүү намтрын эрэмбэ дараагаас ангид бичигдэхгүй. Иймд энэ удаагийн дүрмийн өөрчлөлт яах аргагүй МАН-ын удирдлагуудын хувьд хачин сонин тусч болох юм.

Тэр дундаа, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал, өнгөрсөн арав гаруй жилийн турш МАН-ын жагсаал болоод нийгэм рүү чиглэсэн дуу хоолой бүрийн тэргүүнд нэр нь бичигдэж, гар бие оролцож явсан Т.Сайнжаргал нарын хувьд дүрмийн шинэ санаачилга гаргахаар зэхэж буй нь яах аргагүй сонирхолтой дүр зураг. Энэ дунд, албан бус мэдээллээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга насны босгод багтаж буй гэдэг тайлбараар өөрийн оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаа гэдэг яриа НАМЗХ-ын гишүүдийн дунд гарсан байгаа дуулдсан.

Нэг ёсны энэ удаад МАН-ын дэргэдэх НАМЗХ бие дааж, том тоглох эрхээ баталгаажуулахын тулд дүрмийн өөрчлөлтийг хийх нь тодорхой гэсэн үг. Гагцхүү үүнийг нь МАН-ын удирдлагууд дэмжих эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ. Гэхдээ тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НАМЗХ-ын өнөөдөр албаа өгөх ерөнхийлөгч Г.Тэмүүлэнд албан даалгавар өгснөөс харахад асуудал залуусын хүсэл сонирхлоор шийдэгдэх магадлалтай юм.

Ингэснээр өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 8-ны өдөр ирэх 20 жилийн турш Монголын, тэр дундаа МАН-ын улс төрд гол тоглолтыг хийх шинэ үеийн залуусын буюу 18-35 насныхны баг бүрэлдэх нь ээ гэж ойлгож болно. Мөн нөгөө талдаа тэдэнд ташуур болоод зарчим чухал гэдгийг сануулах ирэх 20 жилийн шаардлагын түүх өнөөдрөөр эхэлнэ гэдгийг давхар давхар сануулах нь илүүцгүй биз ээ.

Зураг