Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 70-аас дээш хувь нь улс төрийн өндөр албан тушаалтны эзэмшлийнх"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
 

Хэвлэл мэдээллийг хэрэгслийн тоон үзүүлэлтүүдийг цуглуулах судалгааг 1999 онд Данийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр анх хийж эхэлжээ. Тухайн үед Хууль зүйн яаманд бүртгэлтэй буюу 1,130 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон гэсэн тооноос өөр мэдээлэл байгаагүй талаар Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах 20 дахь жилийнхээ судалгааны тайланг танилцуулах үеэрээ дурдсан юм.  

Мэдээллийн 457 байгууллага үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна

“1999 онд манай улсад 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байна гэсэн тоо гарсан байдаг. Үүнээс хойш тасралтгүй өссөөр 2012 онд сонин, телевиз, радио, сэтгүүл буюу уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 450-д хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв” хэмээн МХХ-гийн захирал М.Мөнхмандах хэллээ. 

Харин 2019 оны эхэн үеийн байдлаар уламжлалт мэдээллийн 348 болон мэдээллийн 109 сайт тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

 
 
 
 
 

Цахимжих хандлага өссөнөөр мэдээллийн хурд нэмэгджээ

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамгийн өөрчлөлт явагдсан хэрэгсэл бол сонин аж. 1990-ээд оны үед 130 гаруй цаасан сонин хэвлэгдэж, голчлон гар дээрээс худалдаалагдаж байсан бол сүүлийн жилүүдэд сонины зах зээл хумигджээ. Мөн гаралт, давтамж нь нэмэгдсэний дээр борлуулалтын 85 хувь нь захиалгаар хийгдэх болсныг онцолсон юм. 

Хэвлэл мэдээллийн салбарт гарч буй бас нэг өөрчлөлт нь цахимжих хандлага бөгөөд тэр хэрээр мэдээллийн хурдыг нэмэгдүүлсэн гэлээ. Цахимаар мэдээлэл цуглуулах, түгээх энэ харилцаа сайжирснаар хэрэглэгчидтэйгээ шууд харилцах хэлбэр өссөн хэмээн Хэвлэлийн хүрээлэнгээс дүгнэлээ.

"Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 11 хувь нь төрийн мэдлийнх"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах "Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчид нь голчлон компанийн нэр дээр байх боловч түүний цаана улс төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Томоохон мэдээллийн байгууллагуудын 70-аас дээш хувийг улс төрийн өндөр албан тушаалтан эзэмшиж байгаа нь судалгаагаар тогтоогдсон" гэлээ. 

Мөн нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 11 хувь нь төрийн мэдлийнх бөгөөд үүнд тухайлсан салбарын болон мэргэжлийн сонин, сэтгүүл багтаж байна.