Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Намхан экс ерөнхийлөгч зураг дээр яагаад гэргийгээсээ өндөр гарсныг сэтгүүлийн редакц тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Францын “Paris Match” сэтгүүлийн сүүлийн дугаарын нүүрэнд тус улсын экс ерөнхийлөгч Никола Саркози, түүний гэргий Карла Бруни нарын гэрэл зургийг нийтэлсэн юм.

Гэтэл уг зураг дээр экс ерөнхийлөгч яагаад гэргийгээсээ өндөр гарсныг сошиал сүлжээнд хүмүүс өргөнөөр хэлэлцэж эхэлсэн байна.

Үнэндээ Саркози 165 см өндөр бол түүний гэргий, дуучин, модель асан Карла Бруни 175 см өндөр ажээ.

Сошиал орчинд хүмүүсийн дунд өрнөсөн маргаан сүүлдээ даамжирч, “Paris Match” сэтгүүлийг зориуд засварласан зураг нийтэлсэн хэмээн сэжиглэж эхэлсэн байна.

Үүний улмаас сэтгүүлийн захиргаа зураг дээр экс ерөнхийлөгч яагаад гэргийгээсээ өндөр гарсан талаар тайлбар хийхэд хүрсэн юм.

Сэтгүүлийн мэдэгдэлд “Зарим хүмүүс Никола Саркозиг гэргий Карла Брунигаас өндөр болсныг хараад гайхаж байна. Бидний нүүрэнд нийтлэхээр сонгосон зураг дээр Саркози гэргийгээсээ шатны нэг гишгүүрийн дээр зогсож байсан юм” гэж тайлбарлажээ.

Зургийг өнгөрсөн сард хосуудын гэрийн гадна авсныг бас мэдээлсэн байна.

“Paris Match” сэтгүүл 2015 онд мөн Саркозиг Брунигаас өндөр харагдуулах гэрэл зургийг нүүрэндээ нийтэлж, маргаан үүсгэж байсан юм.

2012 оны сонгуульд ялагдсан Саркози 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Францын бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлэх гэж өрсөлдөөд ялагдсан. Одоо түүнийг 2007-2012 оны хооронд Элисейн ордонд сууж байхдаа үйлдсэн авлигын хэд хэдэн хэргийг шалгаж байгаа юм.

Саркозиг бас Ливийн дарангуйлагч агсан Каддафигаас мөнгө авч, сонгуулийн ажиллагаагаа санхүүжүүлсэн гэж сэжиглэж байна.

 

Эх сурвалж: The Guardian