Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч ирж буй 4 төгсөгч тутмын 1 нь худалдаа, бизнесийн чиглэлээр суралцан төгсөгчид байна

Б.Ану
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын их, дээд сургуульд суралцагчдыг боловсролын зэргээр авч үзвэл, 2018-2019 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 83 хувь нь бакалаврын зэрэгт суралцаж байна.

Тоог задалж харвал:

  • 130.9 мянга (83.0 %) нь бакалавр,
  • 22.5 мянга (14.3 %) нь магистр,
  • 4.2 мянга (2.7 %) нь докторын зэрэг эзэмшихээр суралцаж байгаа юм.

Тэгвэл их, дээд сургууль, коллежид суралцагчдын 92.6 хувь буюу 146 мянга нь Улаанбаатар хотод сурч байна.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан Дээд боловсролын үндсэн үзүүлэлтүүдийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ тайланд “Монгол Улсын хүн амын хэтийн шинэчилсэн тооцоог ашиглаж 18-24 насны хүн амд бакалаврын зэргийн боловсрол олгох ангид суралцаж буй тухайн насны суралцагчдын өсөлтийг түүхэн дундаж утгад үндэслэн тогтмол гэж таамаглавал 2020 онд бакалаврын зэргийн боловсрол олгох ангид суралцах суралцагчдын тоо энэ хичээлийн жилээс 4.0 хувиар буурах бол 2045 онд 64.0 хувиар өсөх магадлалтай байна” гэжээ.

Оюутнуудын суралцаж буй салбар, чиглэлээр нь авч үзвэл сүүлийн 18 жилийн турш худалдаа, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо бусад мэргэжлийн чиглэлүүдээс өндөр хэвээр байна.

Тодруулбал, нийт суралцагчдын 16.5-24.3 хувь нь энэ чиглэлээр суралцаж байгаа бол сүүлийн 18 жилийн турш худалдаа, бизнесийн чиглэлээр суралцаж төгссөн оюутны тоо ч бусад мэргэжлийн чиглэлүүдээс өндөр хэвээр байгаа юм. Нийт суралцагчдын 21.4-28.7 хувь нь энэ чиглэлээр төгсөж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч ирж буй дөрвөн төгсөгч тутмын нэг нь худалдаа, бизнесийн чиглэлээр суралцан төгсөгчид байна.

Нийт төгсөгчдийг мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр авч үзвэл, 2017/2018 оны хичээлийн жилд:

  1. 6.4 мянга (22.0 %) нь худалдаа, бизнесийн удирдлагын чиглэлээр,
  2. 4.7 мянга (16.2 %) нь багш, боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх чиглэлээр,
  3. 3.9 мянга (13.5 %) нь инженерийн чиглэлээр,
  4. 3.3 мянга (11.2 %) нь анагаах ухааны чиглэлээр,
  5. 2.2 мянга (7.6 %) нь хууль, эрх зүйн чиглэлээр,
  6. 8.6 мянга (29.5 %) нь бусад чиглэлээр тус тус төгссөн байна.

График 1, Нийт төгсөгчид, дүнд эзлэх хувиар, мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр, 2001-2018 

 

Мэргэжил сонголтын өндөр өсөлт, бууралттай чиглэлүүдийг авч үзвэл, сүүлийн 18 жилийн хугацаанд архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцагчдын тоо бусад чиглэлүүдтэй харьцуулахад өндөр өсөлттэй байна. 2001-2002 оны хичээлийн жилд энэ чиглэлээр ердөө 294 оюутан суралцаж байсан бол 2018-2019 оны хичээлийн жилд 6.1 мянга болж, 20.7 дахин нэмэгджээ.

Харин нийгмийн шинжлэлийн чиглэлээр суралцагчдын тоо бусад чиглэлүүдтэй харьцуулахад буурсан байна. Тодруулбал, 2001-2002 оны хичээлийн жилд энэ чиглэлээр 7.8 мянган оюутан суралцаж байсан бол 2018-2019 оны хичээлийн жилд 5.5 мянга болж, 30.0 хувиар буурчээ.

Нийт төгсөгчдийг боловсролын зэргээр авч үзвэл, 2017-2018 оны хичээлийн жилд нийт төгсөгчдийн:

  • 25.2 мянга (86.3%) нь бакалавр,
  • 3.9 мянга (13.3%) нь магистр,
  • 131 (0.4%) нь докторын зэргээр суралцаж төгссөн байна.

Их, дээд сургууль, коллежийг 2001-2002 оны хичээлийн жилд нийт 17.7 мянган оюутан төгсөж байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд 29.2 мянга болж, 11.5 мянга (65.0 %)-аар өссөн байна.

Хүйсийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилийн нийт их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн 60 хувь буюу 17.5 мянга нь эмэгтэй төгсөгчид байгаа юм.

График 2, Нийт төгсөгчид, мянган хүн, хүйсээр, 2001-2018 он

 
Эх сур: ҮСХ

 

Эх сурвалж: ҮСХ