Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярхүү: Монголчууд бид хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явна

О.Ариунцэцэг, Өдрийн сонин
2019 оны 7 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг

-Хятадын сул хэрэгцээг хангахад Монголын оролцоо байх ёстой гэдгийг хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд ухааруулах ёстой-

Судлаач, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. 

-Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Даян дэлхий их өөрчлөлт, их хурдны үедээ байна. Технологи хурдацтай хөгжиж байна. Гадаад орчны хувьсал ч гэрлийн хурдаар явж байна. Дэлхийн шинэ дэг гэж юу байх, ямар байх нь тодорхойгүй, хэлж мэдэхгүй, тааж тааварлашгүй их ажил үйлстэй алхам тутам тулгарах болж байна.

Глобал ба бус нутгийн геополитик хурдтай хувьсаж байна. Монголын хувьд гэрэлт ирээдүй гэхээсээ бүдэг бүрхэг ирээдүй угтахгүй гэх баталгаа алга. Монголчууд бид өөрсдөө хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явах болно. Манай орон руу шууд халдаад, түрэмгийлээд орж ирэх дайсан хаа очиж алга. 

Хоёр хөрш маань тогтвортой, нэгдмэл, тулхтай байж гэмээнэ манай аюулгүй байдал хангагдах учиртай. Харин үндэсний аюулгүй байдлын дотоодын элемент бүрдлүүд, тухайлбал эдийн засгийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гээд яривал бид өөрсдөө сүйтгэж буй жишээ сургамж зөндөө байна.

-Манай хоёр хөршийн хоорондын харилцаа нь ямар байгаа вэ. Ер нь ОХУ, БНХАУ-ын харилцаа ямар байвал манай улсад ашигтай юм бэ?

-Хөрш хоёр улсын харилцааны өнгө төрх, түвшин, уур амьсгал манай улсын хөгжил дэвшил, бүр томруулбал хувь заяанд чухал үүрэг нөлөөтэй. Энэ хоёр улс зөрчилдөж, сүүлдээ харилцаа нь бүр муудаж, хил дээрээ дайтах дээрээ тулсан үед бид нэг талд нь бат зогсож, хэр чинээндээ зэвсэглэж цэрэгжиж, тэр хэрээрээ Монгол-Зөвлөлтийн харилцаа өргөжин тэлж, Монгол маань социалист хамтын нөхөрлөлийн дорнод цайз бэхлэлт гэсэн алдрыг хүртэж явсан түүх хуучраагүй. 

Хоёр улсын зөрчил дунд бид зөв байраа эзлэн хөгжлийнхөө гарц түлхүүрийг зөв олж ашигласан тэр түүхэн цаг үе алсран одсон. Тэр үе эргэж ирэхгүй нь мэдээж. Гэлээ гээд бид энэ хоёр улсын өвөр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг анхаарлынхаа гадна орхиж болохгүй болов уу. Хоёр хөрш маань эвтэй найртай байж, бүх салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааных нь хаялга бидэнд хүртэж, бид бас өөрийн бодлого байр сууриа өмнөөс нь идэвхтэй гаргаж тавих нь зөв.

Хөтлөгдөх бус хамтран ажиллаж, хамтдаа ашгаа хүртэж байж манай улсын хөгжил дэвшилд нэмэх оноо цугларах учиртай. Угтуулж ухаалаг ажиллах, итгэлийг нь хүлээх, даах тухайд бид өөрсдөө санаачилгатай ажиллахгүй бол оройтлоо.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн цаашид яаж үргэлжлэхээр байна вэ. Гар барилцаж чадах болов уу?

-Хятад-АНУ хоёр худалдааны дайн хийж байна. Гэхдээ байлдагч хоёр талын алиныг дагаж, хэний төлөө дуугарах вэ гэдэг тулгамдсан чухал асуудал биш. Худалдаа, эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын харилцаа гээд яривал Хятадын талд Америкийг буруутгуулах гэсэн хүсэл хаа нэгтээ байж болно. Гэтэл гуравдагч хөршөөрөө АНУ-ыг нэрлэчихсэн бид хариулт өгөхөөс булзаж, бултаж байгаа.

Бид төвийг сахиж хандахгүй бол өөр гарц байхгүй. Гэхдээ дүлий дүнбэ оргиод суугаад бай гэсэн үг биш. Байр сууриа илтгэх хэрэгтэй. Оросоос жишээ, сургамж авах хэрэгтэй. АНУ-аас хөдөө аж ахуйн арвин их бүтээгдэхүүн импортолдог Хятадын хэрэгцээг Орос өлхөн хангана хэмээн үзээд эрдэнэ шиш, тутарга, буурцаг, арвайн эрүүл ахуйн хэлэлцээр байгууллаа. Орос энэ чиглэлээр экспортоо эрс нэмнэ. Алс Дорноддоо ихээхэн тариална. 

Үр тариа Хятад руу экспортлох экспортлогч бүс нутгийн жагсаалтыг огцом тэлнэ. Оросоос мах Хятад руу урсаж өгнө. Оросын бүс нутаг, муж хязгаарууд ид язганаж байна. Монголчууд бид дүлий дүнбэ оргиод суугаад байх уу. Хөдөө аж ахуй, газар тариалангаа сэргээж байгаа юм бол Хятадын энэ их сул хэрэгцээг хангахад Монголын хувь оролцоо байх ёстой гэдгийг эрх баригчид ба хөдөө аж ахуйн бизнесчдэд ухааруулах, уриалан дуудах ёстой мэт. 

Элдэв юм энд тэндээс олж ирээд хэдэн биедээ зардаг худалдааны болхи арчаагүй аргаа өөрчлөөд, мах махан бүтээгдэхүүнээрээ бялхсан, 70 сая толгой малтай манай улс Хятад руу мах гаргадаг бол одоо л яг цаг нь ирлээ шүү дээ.

-Монгол-Хятадын худалдаа бүр огцом тэлэх ёстой гэж та хэлээд байна аа даа?

-Яг тийм. Хятадын Худалдааны сайдын туслах Рэнь Хунбинь ярьсан байна лээ. 2020 он гэхэд Хятад-Монголын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр хичээн ажиллана гэж. Тэр 10 тэрбум нь манай түүхий нүүрс, Хятадын бараа хувцас, хүнс 100 хувь бүү байгаасай, АНУ-аас үзүүлдэг тэр дарамтыг нь нөхөх өчүүхэн ч гэсэн өөр нэр төрлийн бүтээгдэхүүн манайхаас очоосой гэсэндээ би тэгж ярьж байна.

Хоёр орны харилцаа бүрэн сайжирснаас хойших 30 орчим жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш болж чадсан, 2018 онд Монгол-Хятадын худалдааны хэмжээ найман тэрбум ам.долларт хүрч, 2017 оныхоос 24.7 хувиар нэмэгдсэн, 2019 оны эхний дөрвөн сард хоёр талын худалдааны хэмжээ 2.56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн хэмээн Рэнь Хунбинь ярьсныг хятадын төвийн хэвлэлд бичсэн байсан даа. Би тэрийг л ярьж байна. 

Одоо Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, Монгол-Хятадын чөлөөт худалдааны бүсийн нэгдсэн судалгааны ажил ахицтай явж байна гээд яривал их зүйл байна.

-АНУ Хятадтай худалдааны дайн хийж байгаа нь манайд огтоос хамаагүй юу. Ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?

-Хамаатай нь хамаатай, гэхдээ айхавтар халгаатай биш. Энэ боломжийг ашиглах тухайд л би яриад байгаа хэрэг шүү дээ. Америкийн талаас учруулж буй худалдааны элдэв эрсдэлийг нөхөх үүднээс “Зүүн хойд Азийн чөлөөт худалдааны бүс"-ийн тухай нэгдсэн судалгаа гэдгийг Хятад өөрөө оройлон хийж байна. Энэ нь мэдээж манай улсад хожоотой алхам болно. Монголчууд Хятадтай худалдаагаа яралзуулаад, тэр нь бидэндээ асар их ашиг өгөх улс төрийн хөрс суурь бийг бид огтоос ашиглахгүй байна. 

2019 онд дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ 1994 онд байгуулагдсан, 25 жилийнх нь ойг тэмдэглэж байна. Монгол-Хятадын III экспо яармаг намар Өмнөд Монголд болно.

Орос, Америкийн харилцааны зөрчил дунд төвийг тууштай сахихаас өөр гарц байхгүй

Экспо яармагийн үзэсгэлэнгийн нийт талбай 80 мянган ам метр, худалдаа-хөрөнгө оруулалтыг танилцуулах, форум уулзалт хийх зэрэг 10 гаруй төрлийн арга хэмжээ зохионо. Манайхныг экспортолж болох бүх бараа бүтээгдэхүүнээ дэлгэ, хамтын ажиллагаагаа ил тод шууд ярилц л гэсэн санаа шүү дээ. ӨМӨЗО-ы дэд дарга Ай Лихуа ярьсан байна. 

“Экспо яармаг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, Бүс ба замын бүтээн байгуулалт, Цайны зам дагуух улс орнуудын хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулна. Монгол анагаах ухаан, эм бэлдмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг Хятад, Монголын үйлдвэрлэлийн хөгжлийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, Хятад, Монгол хоёр, мөн олон улсын төлөөлөгчид энэ арга хэмжээгээр дамжуулан солилцоо, хамтын ажиллагааг ахиулна” гэж. 

Үүнээс үзэхэд тэнд нь хэдэн бараагаа зарчихаад мөнгөөр нь Эрээнээс хэрэгтэй хэрэггүй новш цуглуулж ирээд нийслэлийн захуудыг дүүргэ гэсэн үг огтоос биш шүү дээ. Хятадтай ч яах вэ, бид хэр чинээндээ болж бүтээд байна. Америкаас авдаг зүйлсийнхээ заримыг нь манай улсаас авъя гэсэн "уриалга" л өмнөд хөршөөс яваад байна.

-АНУ, ОХУ-ын харилцаа сайжрах уу. Энэ нь манай улсад яаж нөлөөлөх бол?

-Харилцаа сайжрах эсэхийг урьдчилан таах аргагүй. ОХУ-ын геополитикийн тоглолтоос шалтгаалах болов уу. Эргэн тойрон дайсагнасан хүрээллийн дунд байх Зөвлөлтийн үеийн сэтгэлгээ, цэрэг, аж үйлдвэрийн хамслаа түшсэн төрийн бодлого, хуучин СССР-ийн нутаг дэвсгэрт хяналтаа алдахгүй гэсэн Оросын өөрийнх нь эрх ашиг, түүнд нь АНУ ба Өрнөд хэрхэн хандах гээд ноцтой асуудал хангалттай хуримтлагдлаа.

2014 оноос өнөөгийн хямрал угшилтай. Украины сонголтыг Өрнөд рүү, эсвэл Москва руу залах, залахгүйгээс үүссэн хямрал даамжраад Крым Украинаас салж одсон. Донбасс нь сална гэсэн. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн байдлын төлөө Украин зогссон, тэр чигээрээ сөргөлдсөөр таван жилийг ардаа орхичихсон.

Крым ба Донбасс дээр ОХУ-ын баримталсан байр суурийг АНУ, Өрнөд хүлээн зөвшөөрөөгүй, өнөөг хүртэл хориг тавьчихаад байж байна. Хоригийг цуцлах эсэх тодорхойгүй. Хориг цуцлагдаж байж Орос, Америкийн харилцаа сайжрах учиртай. Харилцаа сайжраасай гэдэг талд монголчууд бидэнд ямар нэг эргэлзээ байхгүй. Сайжирвал бидэнд ч хаялга нь ирнэ. Гэхдээ бид чинь АНУ-ыг гуравдагч хөрш, түнш улсаа гээд зарлачихсан.

Ойрмогхон АНУ-ын эрхэм дээд хоёр зочныг хүлээж аваад айлчлуулчихсан учраас Орос, Америкийн харилцааны зөрчил дунд төвийг тууштай сахихаас өөр гарц байхгүй гэж би боддог юм.

-АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд уулзлаа. Уулзалтыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж энэ уулзалтыг сайшаахаас өөр аргагүй. Манай оршин буй Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хийгдэж буй том алхам гэж үзэж байна. АНУ-БНАСАУ-ын харилцааны сайжралыг Монгол Улс анхнаас нь хүссэн, дэмжсэн, харилцаа үнэхээр сайжраасай билээ. 

Харин харилцаагаа сайжруулж байна гээд Хойд Солонгост диваажин байгуулж өгнө гэж амлах, өмнөд хөрш шиг чинь хөгжүүлээд өгнө гэх, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах мөртлөө улс төрийн дэглэмийг нь өөлөх буруушаах арга Вашингтонд сонгохгүй байгаасай гэж ерөөх байна.

-Тэд дараагийн уулзалтаа Монголд хийж магадгүй гэж байгаа. Манай улсад тэрхүү уулзалтыг хийх нь хэр тохиромжтой юм бэ?

-Яг Монголд хийчихье гэдэг шийдэлд хүрээгүй байгаа. Үүнийг зөвхөн манай тал хүсэж санал болгож байна. Нөгөө талууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй. Ингэж санал дэвшүүлж байгаагийнхаа хэрээр бид ажиллах ёстой. 

Дипломатын онцгой чармайлт гаргаж таарна. Тийм уулзалтыг зохион байгуулах бааз суурь, хөрсөө бэлтгэх ёстой. Адаглаад л улс орны нүүр царай, хүн ардын нүүр царайгаа шинэчлэх, хот орчноо бохирдлоос нь салгах, өвлийн их утааг багасгах, машины энэ их түгжрэлээ цэгцлэх, сүрьеэтэй, тэмбүүтэй гэдгээ бага зарлах, малын халдварт өвчингүй болох, түүнийгээ нотлох гээд ажил өрнөж өгнө л дөө.

-Ираны дайн эхэлбэл дэлхий дахинд ямар үр нөлөөтэй байх вэ?

-Ираны эсрэг дайн өнөө маргаашгүй дэгдчихнэ гэх итгэл хаана байна. Айдас болгоомжлол бол байна. Харин тэгчихнэ гэсэн итгэл байхгүй. Иран нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригтой, цөмийн ба пуужинт зэвсэг бүтээж буй хэмээн хардагддаг, бүс нутагтаа айхавтар халгаатай улс гэж тооцогддог юм болов уу. Ираны төрийн бодлого, лалын хувьсгалынх нь стратегид бичээтэй буй жүүдийн тэр нэг төрт улсыг газрын хөрснөөс арчина гэсэн хэтийдсэн зорилго нь энэ орныг лүд барам болж харагдуулдаг. 

Нэгэнтээ лалын хувьсгал хийж, лалын цөм улс болохыг мөрөөдсөний гайгаар лалын суннит хөршүүдээ айдаст автуулж, АНУ ганцаараа бус Ираны эсрэг Америкийг татан оролцуулсан Булангийн монархууд дайн өдөөх дээрээ тулсан байна. 

Манайх л ганцаараа эдийн засгийн ашиг орлого, саалийн үнээ гэж ШХАБ-ыг хараад байгаа.

Шийт ба суннит шашинтнууд лалын шашин үүссэн цагаас эхлээд 13 зууны турш зөрчилдөж байна. Үнэний төлөө тэр зөрчилдөөн нь шашны дайн болж даамжраад Сири, Йемен улсыг юу болгож тавьчихаад байгааг бид бараг өдөр бүр харж, уншиж, сонсож мэдэж байна. Израилийн ерөнхий сайдын харддагаар бол Иран нь Арабын дөрвөн нийслэлийг хяналтдаа аваад байна. Энэ нь Бейрут, Дамаск, Багдад, Сана гэж нэрлэгддэг. 

Ийм дээрээ тултлаа Ираны геополитикийн фронт тэлсэн байна. Үүний эсрэг Саудын Араб, Эмират, лалын бусад улсууд ил шуудаар дайнд уриалан дуудна. Ираны эсрэг дайн дэгдэнэ гэдэг зөвхөн Иранд халтай тусах биш, бүх л Ойрх Дорнод, лалын ба Арабын ертөнц доргивол дэлхийн III дайн дэгдлээ гэж тооцогдох дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй. Аюул занал, үр дагаврыг тооцох аргагүй, маш ноцтой үйл явдал болж даамжрах болов уу.

-ШХАБ-ын холбоонд Энэтхэг, Пакистан гэсэн сөргөлдөөнтэй орнууд ч элссэн байдаг. Гэхдээ үр өгөөж нь төдийлөн их биш, оюутан солилцооноос өөрөөр тус дэм байдаггүй гэх юм. Энэ тухайд?

-ШХАБ-ын оюутан солилцооны тухай анх удаа сонсож байна. Үр өгөөж гэж бас юуг ойлгож байгаа нь сонин байна. Эдийн засгийн интеграцийн байгууллага болохгүй, цэрэг, улс төрийн блок болохгүй гээд заачихсан Дүрэмтэй олон улсын байгууллагаас монголчууд ямар үр өгөөжийг хүсэн хүлээж байна вэ. Олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад элсэх манай улсад хүртэх ашиг тус, бас манай улсын хүлээх үүрэг хариуцлага гэж хосолж байх ёстой.

Харин манайхан хоёр дахийг нь мартчихаад ашиг орлогын тухай бодоод, тэр бодолдоо автаад Монголын эдийн засаг, дэд бүтэц, ажилгүйдэл, ядуурлыг арилгуулах болоод явчихдаг. 

ШХАБ дээр яг ийм байр суурьтайгаар жил тойрч байна. ШХАБ-ыг зөвхөн аюулгүй байдал талаас авч ашиглах, тэгснээрээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалуулах гэсэн Ираны жинхлэх хүсэлтийг хойшлуулсан баримт нэгийг хэлэх байх. Манайх л ганцаараа эдийн засгийн ашиг орлого, саалийн үнээ гэж ШХАБ-ыг хараад байгаа. 

Гэтэл цаана нь тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн маргаан, бүс нутгийн мөргөлдөөний асуудлаа ШХАБ-аар шийдүүлэх гэсэн долоон улсын ажиглагчийн хүсэлтийг саяхан хойшлууллаа шүү дээ.

-АСЕАН бол гишүүн орнуудынхаа хувьд чухал уулзалт, хамтын ажиллагаа байдаг. Үүнээс гарсан бодлого шийдвэр манай улсад нөлөөлөх үү?

-АСЕАН-тай манай улс маш нягт харилцаа хамтын ажиллагаатай байх ёстой юм. Монгол Улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт болох АРФ-д элсэж үйл ажиллагаанд нь оролцож байсан. АРФ нь одоо ялгарч харагдахаа больчихлоо. 

Их гүрнүүдийн геополитикийн мөргөлдөөнд АРФ бүдгэрээд зогсчихов уу, бүү мэд. АСЕАН-ы Найрамдап, хамтын ажиллагааны гэрээ гэдэгт 14 жилийн өмнө Ц.Мөнх-Оргил сайд очоод гарын үсэг зурчихсан шиг санагдаж байна. Би тэр үед ГХЯ-ны бодлого төлөвлөлт хариуцсан зөвлөх байхдаа тухайн асуудлыг хариуцаж, гэрээг орчуулж дээш нь мэдүүлж байсан. Түүнийг эргэж нэг тодруулах хэрэгтэй. АСЕАН-ы орнууд маань “АСЕАН+Гурав” буюу Зүүн өмнөд Азийн 10 улс дээр нэмэх нь Хятад, Япон, БНСУ гэсэн чухал механизмтай. 

Мөн Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулах санал санаачилгаа дэвшүүлэн ажиллаж байгаа. Тэр утгаар Монгол маань хэтдээ Зүүн Азийн саммитад оролцож, Зүүн Азийн их орон зайд хүндтэй байраа эзлэх болов уу гэсэн итгэл байдаг юм. Тэр утгаар АСЕАН-тай нягт хамтран ажиллах ёстой болов уу.

-Хонконг, Английн асуудал юу болж байгаа вэ. Үүнээс үүдэн Англи, БНХАУ-ын харилцаанд өөрчлөлт орох уу?

-Энэ талаар судалсан мэдсэн зүйл алга. 1997 онд БНХАУ Хонконгоо Британиас буцаагаад авчихсан, 22 жил өнгөрчихсөн, лав энэ хоёр улсын хооронд асуудал өрнөхгүй, дэврэхгүй гэж бодож байна.

Зураг