Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Электорат” хөдөлгөөн ард иргэдээс цахимаар санал авна

ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-д мэдлэг, чадвартай, шударга, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн хүмүүсийг гаргах зорилготой “Электорат"’ хөдөлгөөний III чуулган боллоо.

Тус хөдөлгөөн өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсанаасаа хойш улс төрийн дунд, доод шатны албан хаагч, Монголын нэр хүндтэй эрдэмтэн сэхээтнүүд, уран бүтээлчид, алдар гавьяатнууд нийт 2000 гаруй иргэнд хандан захидал илгээж саналыг авчээ. Саналыг нэгтгэж үзэхэд 2019 оны долдугаар сарын 1-ний байдлаар 563 хүнийг “Хууль тогтоох байгууллагад сонгох боломжтой” хэмээн тодорхойлон, саналаа ирүүлсэн байна.

Электорат хөдөлгөөний гол зорилго нь нэр цэвэр, эрдэм мэдлэгтэй, шинэ зөв хүнийг тодорхойлон дэмжих хэмээн тодорхойлсон учраас төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, томоохон ААН компанийн эзэд, гэмт хэрэгт холбогдож байсан зэрэг хүмүүсийг ирүүлсэн саналуудаас хассанаар 100 гаруй хүний нэрсийн жагсаалт үүссэн байна.

Нэрсийн жагсаалт үүсгэх эхний үе шатыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахын тулд ард иргэдээс цахимаар санал авах талбарыг үүсгэж байгааг III чуулганы үеэр танилцуулав. Энэ талаар тус хөдөлгөөний санаачлагч Б.Баабар “Электорат хөдөлгөөний цахим сайт удахгүй ашиглалтад орно. Вэб сайтаар дамжуулж ард иргэд өөрсдийн зөв хүн гэж бодож байгаа нэр дэвшигчийн талаар саналаа ирүүлэх боломжтой. Гэхдээ тодорхой хэмжээний утасны дугаар, мэдээллүүдийг тусгаж байж саналуудыг авахгүй бол интернет троллууд орж ирээд санал будилаантуулах боломжтой” хэмээн хэлэв.

Мөн чуулганы үеэр яригдсан чухал сэдэв нь улс орны хөгжлийн бодлогын талаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, хөдөө аж ахуйн салбаруудын хөгжил хаашаа явж байгаа талаарх яриа байлаа.

Ерөнхий сайд асан Д.Содном “Бид зөв хүнийг олно гээд байгаа. Урдчилсан байдлаар 100 гаруй хүний нэр гарсан гэж байна. Гэхдээ эндээсээ бид дахин шүүлт хийх хэрэгтэй болно. Ингэхийн тулд эдгээр хүмүүстэй бид биечлэн уулзалт зохион байгуулж, өөрсдийнх нь санаа бодлыг асуух хэрэгтэй. Тухайлбал, улс орны хөгжлийн бодлогын талаар ямар бодолтой явдгийг сайтар асуух хэрэгтэй. Эдийн засгийг солонгоруулах талаар ямар бодолтой явааг мэдэх хэрэгтэй. Уулзаж ярилцаж байж санаа бодлыг нь ойлгож, юм хийж чадах хүн мөн эсэхийг тодруулах нь зүйтэй болов уу” хэмээн саналаа илэрхийлэв.

Өдгөө зуны дэлгэр цаг болж байгаа учраас ард иргэдээс авах саналын ажлыг эрчимжүүлж ирэх есдүгээр сар гэхэд урьдчилсан байдлаар нийт ард иргэдэд мэдлэг, чадвартай, шударга, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн зөв хүмүүсийг танилцуулахаар төлөвлөж байгаа аж.