Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банк газрын тос боловсруулах үйлдвэр, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн банк зээлийн бодлогыг шинэчлэлийн хүрээнд зээл хүсэгчдэд тавих хуулийн болон бодлогын шаардлагыг шинэчилжээ. 

Хуулийн шаардлага нь:

  • Экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх
  • Дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх
  • Эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх
  • ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх
  • Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардах бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзах аж.

Бодлогын шаардлагын тухайд:

  • 20.0 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилт хүссэн байх
  • 100% төрийн өмчийн ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85%-аас хэтрэхгүй байх
  • Хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй
  • Хар жагсаалтад оруулж, жагсаалтыг мөрдөн ажиллана. 
  • Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12 сар, шаардлагатай материал ирүүлээгүй бол 6 сарын хугацаанд тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх аж.

Дээрх шаардлагад нийцсэн аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь нээлттэй.

Цаашид дунд болон урт хугацаандаа шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна Монгол Улсын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр, агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй явж болдог юм байна гэсэн ойлголт байх шиг байна. Арилжааны банкны шалгуур хангаагүй төсөл хөтөлбөр Хөгжлийн банкнаас санхүүжилт авдаг байх ёсгүй. Үүнийг залруулж ажиллана” хэмээн тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Тэрбээр ажлаа авсан нэг сар гаруйн хугацаандаа ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих хаөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, экспортын салбаруудаа дэмжихээ илэрхийлэв. 

Одоогоор тус банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл 900 тэрбум төгрөг байгаа бөгөөд хамгийн ашигтай хувилбараар зарцуулахаар төлөвлөжээ.