Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд түрээсийн автомашиныг өөр зорилгоор ашиглах нь нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Япончууд түрээсийн автомашиныг өөр зорилгоор ашиглах нь нэмэгджээ
Sara, ikon.mn - text to speech

Японы автомашины түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд зарим үйлчлүүлэгч нь ямар зорилгоор машин авдгийг ойлгохоо больжээ. Жишээ нь 2018 оны зунаас хойш түрээслээд буцаахдаа ганц ч километр унаж яваагүй автомашин буцааж өгөх үзэгдэл нэмэгдсэнийг Orix Auto Corp компани илрүүлсэн байна.

Бусад компаниудын хувьд ч ийм үзэгдэл нэмэгдэж байгааг мэдээлжээ. Энэ нууцыг тайлахаар тэдний зарим нь хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулсны дараа зах зухаас нь ойлгож эхэлсэн байна.

Times24 Co нь 1.2 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй, Японд тэргүүлэх автомашин түрээсийн компани юм. Тус компанийн олж тогтоосноор хүмүүс богино хугацаанд унтаж нойр авах, ажлын байр болгож ашиглах, эд зүйлсээ түр хадгалах зэрэг зорилгоор ашиглаж байжээ.

Нэг хэрэглэгч ажлынх нь орчим өдрийн хоол хямд идэх газар олддоггүй тул хүнсний дэлгүүрээс авсан хоолоо идэх зорилгоор машин түрээслэдэг гэсэн байна.

Учир нь машин түрээслэх маш хялбар болсон. 24 цагийн турш гар утаснаасаа захиалаад Япон даяар 12,000 орчим зогсоолд байрлах машинуудаас түрээслэж болдог нь үүнд нөлөөлж байгаа гэнэ. Нэг автомашиныг 30 минут хүртэл хугацаанд түрээслэх үнэ 400 иен ($3.7) болдог.

Тиймээс түрээсийн машиныг өөр зорилгоор ашиглах хэрэглээ нэмэгдэж байгаа юм байна.

NTT Docomo компанийн 2018 онд хийсэн судалгаанд оролцогсдын 20 хувь нь түрээсийн автомашиныг зорчихооос өөр зориулалтаар ашигладаг гэж хариулжээ.

Тэд богино хугацаагаар унтаж амрах, найз нөхөд, бизнесийн түншүүдтэйгээ уулзаж ярилцах, утсаар ярих, хувцас солих, гар утсаа цэнэглэх, зуны халуунд сэрүүцэх, өвлийн хүйтэнд дулаацах зорилгоор түрээсэлсэн байна.

Нэг үгээр хэлбэл түрээсийн машиныг “хувийн орон зай” болгон ашиглах явдал нэмэгджээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun