Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн IX хорооны хүүхдүүд шинэ сургуультай болно

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
 

“Бүгдээрээ ажилдаа орцгооё” гэх Д.Цэрэндаш инженерийн командаар барилгачид өдрийн хоолны цагаа дуусган ажилдаа орцгоов. Нийслэлийн Баянгол дүүргийн есдүгээр хороонд баригдаж буй сургуулийн барилгыг “Баткомплект” ХХК барьж буй бөгөөд барилгын талбайд 50 орчим ажилтан ажиллаж байлаа. Биднийг талбайд очиход ажилчдын өдрийн хоолны цаг таарсан тул хариуцан ажиллаж буй инженер Д.Цэрэндаштай цөөн хором ярилцлаа.

-Шинэ сургуулийн барилгыг хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бэ?

-2019 оны аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулах ёстой. Гэхдээ энэ хугацаанаасаа аль болох эрт оруулж, хүүхдүүдийг шинэ сургуульд нь хичээллүүлэхийн тулд шахуу ажиллаж байгаа. Сургууль баригдаж буй талбай нь уулын хажуу буюу тэгш бус гадаргатай. Тиймээс газар шорооны ажилд цаг хугацаа орсон. Мөн барилга дууссаны дараа гадна тохижилтыг хүүхдүүдэд аюулгүй байх талаас нь шаталсан байдлаар тохижуулахаар төлөвлөж байна.

-Гүйцэтгэлийн хувиар нь авч үзвэл барилга хэдэн хувьтай байгаа бол?

-Сургуулийн нэг, хоёрдугаар давхрын каркасыг хийж дуусгасан. Одоо гуравдугаар давхрын каркасыг хийж эхэлснээр 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн спорт заалны каркасыг хийсэн. Спорт заал нь хичээлийн байраасаа тусдаа байх бөгөөд хүзүүвчээр холбогдоно. Түүнчлэн урлаг заалны тааз өндөр байх ёстой учраас гуравдугаар давхрын дээврийн хэсэгт нэмэлт өндөрлөгөө хийнэ.

-Сантехникийн холболтоо хэрхэн шийдэх вэ. Төвийн шугамас бага зэрэг зайтай байгаа учир холбоход асуудал гарч мэдэх юм?

-Барилгын өмнөх зураг төсөлд халаалтыг уурын зуух байхаар төлөвлөсөн юм байна лээ. Харин манай хамт олны хувьд төвийн шугамд холбох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингэхэд нэг хүндрэл гарч байгаа нь  хүчин чадал. Тодруулбал, ойролцоох төвийн шугамд холбоход дийлэх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг холбогдох газарт нь өгсөн.

Шинээр баригдаж буй уг сургуульд Баянгол дүүргийн 9, 21 дүгээр хорооны хүүхдүүдийг сургахаар төлөвлөж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Ийнхүү шинэ сургууль ашиглалтад орсноор ойролцоо нь байрлаж буй 113 болон 13 дугаар сургуулийн ачаалал багасах юм.