Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Станцуудыг 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхийг даалгав

ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав. Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов. Аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын систем, дулааны станц, халаалтын зуухны засвар, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийхийг даалгав.

Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн уурын зуухны янданд 09 дүгээр сарын 15-ны дотор утаа шүүгч суурилуулахаар боллоо.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дэргэд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн түүхий эд татаж төвлөрүүлэх, 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөцтэй болгохыг даалгав.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангана

Отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулж, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга зэрэгт бүрэн хамруулж, тууврын замд хяналт тавихыг сайд Ч.Улаанд даалгав. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлд эртнээс анхаарахаар болов. 

Өвөлжилт, хаваржилт болон цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрэн бүрдүүлэх зэргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.