Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын өдрүүдэд 710 цэгт хоол, худалдаа үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгожээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/390943728436154/

Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан:

Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид 2019 оны долоодугаар сарын 9-15-нд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүл хийх юм.

Мөн наадмын талбайд хоолны үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгжүүдийн галын аюулгүй байдлыг шалгана. Баярын өдрүүдэд НОБГ-ын 16 анги салбарын 130 албан хаагч бэлэн байдалд ажиллах бол найман ангийн 111 алба хаагч эргүүл хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн баярын өдрүүдэд иргэд олноороо голын эргээр амарч зугаалдаг тул 55 алба хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ.

Явуулын лаборатори ажиллуулна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч хяналт шалгалт хийж ажиллана. Энэ жилийн тухайд Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос явуулын лаборатори ажиллуулан хүнсэнд хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээс дээж авч шалгана.

Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина.

Богино эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслүүд үнэгүй үйлчилнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явна. Мөн Дүнжингарав ба Мишээл экспо төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэнг чиглэх богино эргэлтийн гурван чиглэл гаргажээ. Эдгээр чиглэлд 20 автобус үйлчлэх бөгөөд хүлээлтийн хугацаа нь 3 минут тутамд иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ. 

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд нийт 710 цэгт хоол, худалдааны үйлчилгээ үзүүлэхээр болсныг холбогдох албаныхан хэллээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 400, Хүй долоон худагт 310 цэгийг гаргасан байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд хогийг ангилан хаях хогийн савуудыг байршуулахаар болжээ.