Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Далай Лам эмэгтэйчүүдийг эмзэглүүлсэн үгнийхээ төлөө уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Далай лам

Төвдийн Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Лам өнгөрсөн долоо хоногт BBC сувгийн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйжээ.

84 настай шашны тэргүүн энэхүү ярилцлагынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн талаар, Төвдөд буцаж очих тухай, цагаачлалын асуудал зэрэг олон сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Хүмүүсийг хамгийн их гайхшруулсан сэдэв нь Далай Ламын эмэгтэй хойд дүрийн асуудал байв. Тэрээр “Далай Ламын хойд дүр эмэгтэй байж болно. Хэрвээ эмэгтэй бол царайлаг байх ёстой” хэмээн ярьж байжээ.

Өчигдөр Далай Ламын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд энэ яриа нь хошигнол байсныг тайлбарлаад олон нийтээс уучлал гуйсан байна.

Орчин үеийн глобалчлагдсан, материаллаг ертөнц болон Төвдийн Буддын шашны уламжлалт философийн зөрчил дунд амьдарч байгаа Далай Ламын хэлсэн зарим үг соёлын ялгаанаас болоод өөрөөр ойлгогдох, буруу орчуулагдах явдал байдгийг уг мэдэгдэлд өгүүлжээ.

Далай Лам нь эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүйсийн тэгш эрхийн зарчмыг дэмждэг болохыг мөн баталсан байна.

Үүнээс гадна Далай Лам Европт цагаачилж очсон гадаадын иргэд эрдэм, боловсрол олж авсны дараа эх орондоо буцах нь зөв, Европ тивийг Исламын, эсвэл Африкийн улс болгож болохгүй хэмээн ярьсан юм.

Энэ үгийг буруу орчуулагдсан, Далай Лам цагаачдын үлдэх, эс үлдэх шийдвэрийг хүндэтгэдэг гэж дээрх мэдэгдэлд тайлбарлажээ.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “ёс суртахууны хомсдолтой хүн” хэмээн хэлж байснаа Далай Лам залруулаагүй өнгөрсөн байна.

 

Эх сурвалж: BBC