Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэгчид үймээний үеэр хүмүүжил, боловсон зангаа харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагийн орой Хонг Конгийн тэмцэгч иргэд хууль тогтоох байгууллагынхаа ордонд хүчээр дайран орсон билээ.

Энэ үеэр тэд ордны дотоод хана туурган дээр Хятадын эсрэг үзэлтэй уриа үгсийг бичиж, шил цонхыг нь хагалж, Британийн колоничлолын үеийн далбааг мандуулж танхайрсан юм.

Гэхдээ тэмцэгч залуус энэ үедээ соёлтой, хүмүүжилтэй чанараа гээгээгүйг өнөөдөр сошиал сүлжээнд тарсан зурагнууд харуулж байна.

Тухайлбал ордны дотор талд “ном, урлагийн бүтээлүүдийг хөндөхгүй байх” анхааруулгыг тэмцэгчид хананд өлгөсөн байна. Үнэхээр парламентын ордны номын санг сүйтгээгүй орхисон байжээ.

Мөн ордны дотор байрлах дэлгүүрээс авсан ундааныхаа мөнгийг үлдээснийг харуулсан гэрэл зураг нийтлэгдсэн байна.

Хүч нэмэгдүүлсэн цагдаа нар шөнө дунд парламентын ордныг тэмцэгчдээс чөлөөлсөн юм.

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцсэн Хонг Конгийн иргэд сүүлийн гурван долоо хоног тасралтгүй жагсаал тэмцэл өрнүүлж байгаа юм.

Хотын засаг захиргаа хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа. Харин тэмцэгчид уг хуулийн төслийг бүрмөсөн буцааж татах, хотын захирагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж байна.