Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн өнөө цагийн хамгийн төгс роман: Хувийн асуудал

МОНСУДАР
2019 оны 7 сарын 2
Монсудар
Зураг зураг

Японы дайны дараах үеийн уран зохиолын “Оргил цэг” хэмээн үнэлэгддэг Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” романыг Монсудар хэвлэлийн компани албан ёсны эрхтэй орчуулан, уншигчдын хүртээл болголоо. Хагас намтарчилсан энэхүү бүтээл нь1964 онд анх хэвлэгдэн гарсан бөгөөд зохиолчийн бүхий л зохиол, туурвилаас дэлхий даяар хамгийн их алдаршсан нь билээ. 

Тус романд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох болсон бэлтгэл сургуулийн багш нэгэн залуугийн тухай өгүүлнэ. Эхнэр нь төрөхөөр эмнэлэгт хэвтэж байх зуур Шувуу номын дэлгүүрээс африкийн газрын зураг худалдан авч байгаагаар зохиол эхэлнэ. Эцэг болсон хүний хувьд магадгүй хэзээ ч аялж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ тэр Африк руу аялах хүсэлдээ хөтлөгдөн газрын зураг худалдан авч, автомат тоглоомууд бүхий зугаа цэнгээний газраар хэсүүчлэн, харьж явах замдаа нутгийн танхай залуусын зодоон цохионд хүртэл өртөнө.

Маргааш өглөө нь нэгэн эмч Шувууд, хүү нь тархины ивэрхий хэмээх тун ховор тохиолддог гажигтай төрсөн тул удаан наслахгүй байх магадлал маш өндөр гэдгийг, хүсвэл тусгай мэргэшсэн эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэж болох тухай мэдэгдэнэ. Гэвч хүүхэд хэвийн өсөж бойжно гэдэг нь үндсэндээ боломжгүй ажээ. Энэ гунигт мэдээ Шувууг маш хүнд дотоод зөрчилд унагаж орхино. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны харгис заагийг хэрхэн даван туулах вэ гэсэн хэцүүхэн сонголттой тулгарна. Нэг талд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь амьдрахгүй байсан нь дээр гэж бодон хатуурхаж байгаа ч нөгөө талд эцэг хүний үүрэг хариуцлагатай нүүр тулах хэрэгтэй болно. 

Зохиолч нь энэхүү бүтээлээрээ хүний сэтгэлийн гүн харанхуй  ёроолыг хайр найргүй нээж харуулсан юм. Мөн хагас намтарчилсан хэмээн нэрлэсний учир нь зохиолч Ое Кензабүрогийн хүү нь сэтгэцийн гажигтай байсан бөгөөд зохиол бүтээлд нь түлхэц өгсөн хэдий ч энэхүү романыг зохиолчийн намтар хэмээн үзэх нь өрөөсгөл юм. 1963 онд мэндэлсэн хүү Хикаритай нь холбоотой дотоод зөрчил нь Оэгийн бүтээлүүдэд гол байр суурь эзэлдэг. Энэ тухай бичсэн анхны “Хувийн асуудал” романаас гадна 1969 онд бичсэн “Галзуурлаас биднийг авар”( われらの狂気を生き延びる道を教えよ) болон 1983 онд зохиосон “Сэрцгээ! Шинэ эрин үеийн залуус аа” (新しい人よ眼ざめよ) бүтээлүүддээ сэтгэл өвтгөсөн энэхүү зөрчлийхөө талаар үргэлжлүүлэн бичжээ. 

Дэлхийн орчин үеийн уран зохиолын түүчээ болсон “Хувийн асуудал” роман Интерном сүлжээ их дэлгүүрийн бүх салбаруудаар болон онлайнаар худалдаалагдаж байна.