Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөвдөг атомын цахилгаан станц ажиллах зөвшөөрлөө авжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд анхны гэж болох Оросын хөвдөг атомын эрчим хүчний станц “Академик Ломоносов” үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө саяхан авжээ.

Наймдугаар сарын сүүлээр уг станцыг Чукотка мужийн Певек хотын эрэгт хүргэн байрлуулах юм байна.

Певек нь Умард мөсөн далайн эрэгт оршдог хот юм. Ингэснээр “Академик Ломоносов” дэлхийн хамгийн хойд цэгт ажилладаг атомын цахилгаан станц болж, арванхоёрдугаар сараас эхлэн Певек хотыг эрчим хүч, дулаанаар хангана.

Чукотка бол Оросын хамгийн алслагдсан хязгаар нутаг бөгөөд ихэнх газар нутаг нь умард туйлын бүсэд оршдог. Дэд бүтэц муутай, хөлдүү газарт нь том хэмжээний барилга байгууламж барих боломжгүй.

Хос КЛТ-40С реактортай “Академик Ломоносов” ажиллаж эхэлснээр Певек хотын хоёр хуучин станцыг хааж, бүх эрчим хүчийг хөвөгч станцаас хангах ажээ.

Шинэ станц нь 70 Мегаватт хүртэл цахилгаан, цагт 50 Гигакалори дулаан гаргах чадалтай буюу 100,000 оршин суугчтай хотыг эрчим хүчээр бүрэн хангаж чадах юм.

40 жил ажиллах настай станцыг сэлбэж засварлаад дахин 50 жил ажиллуулах боломжтойг Росэнергоатом компани мэдээлжээ.

Эх сурвалж: Russia Today