Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэвэрхэн наадацгаая" аяныг дахин зарлаж байгаагаа мэдэгдлээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖЯ-наас "Цэвэрхэн наадацгаая" аяныг хоёр дахь жилдээ дахин зарлаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Өнгөрсөн жилийн наадмаар зарласан аяны хүрээнд иргэдтэйгээ хамтран ажиллаж цэвэр цэмцгэр, сайхан наадсан. Энэ жилийн хувьд наадмаас гадна хөдөө орон нутагт аялаж зугаалахдаа ч хогоо хаяхгүй байя хэмээн уриалж байгаа. Мөн хувийн хэвшлийн ААН-үүдийн зүгээс аяны хүрээнд хамтран ажиллах саналыг гаргаж байна. Өнгөрсөн жил аяны хүрээнд 10 хүрэхгүй  ААН-тэй хамтарч ажилласан. Харин энэ жилийн хувьд эхний санаачилгаар 20 гаруй ААН хамтран ажиллах саналаа ирүүлээд байна. Яамны зүгээс энэ жилийг байгальд ээлтэй, хоггүй аялах жил болгон зарласан" хэмээв.

"10,000 жуулчинд наадмын нээлтийн тасалбараа зарахаар Монголчууд өөрсдөө үзэж чадахгүй болох гээд байгаа"

Үргэлжлүүлэн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Салбарын яамны зүгээс 2020 он гэхэд 1,000,000 жуулчин хүлээн авна хэмээн мэдэгдсэн. Жуулчид ирээд орон нутгаар их аялахад наад захын буюу жорлонгийн асуудал хүндрэл дагуулдаг. Жорлонгийн асуудлаа шийдсэн үү?

- 2020 он гэхэд 1,000,000 жуулчин хүлээн боломжтой. Аялал жуулчлалын гол бүсүүд ариун цэврийн байгууламжаа сайжруулсаар байгаа. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байна. Мөн 1,000,000 жуулчин хүлээн авах зорилгынхоо хүрээнд аялал жуулчлалын салбарын есөн ажлын байран дээр үнэ төлбөргүй сургалт явуулж байгаа. Одоогоор 10,000 орчим хүн сургалтад хамрагдсан. Сургалт цаашдаа ч үргэлжилнэ.

- Наадмын нээлтийг үзэх сонирхол жуулчдад байдаг ч тасалбар олддоггүй. Энэ жилийн хувьд хэдэн тасалбарыг жуулчдад хуваарилж байгаа вэ?

- Аялал жуулчлалын холбооноос энэ жил наадмын үеэр 10,000 гаруй жуулчин Монголд ирнэ. Тиймээс ядаж 3,500 орчим наадмын нээлтийн билет олгооч ээ гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ наадмын нээлтийн тасалбарыг НЗДТГ хариуцан худалддаг. Бидний зүгээс ядаж 3,500 гэсэн тоогоо хэлээд ярилцаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн 13,500 хүний суудалтай. 10,000 жуулчинд бүгдэд нь тасалбар зарахаар Монголчууд өөрсдөө нээлтээ үзэж чадахгүй болох гээд байгаа. Тиймээс том цэнгэлдэх хүрээлэнтэй болтлоо зохицоод явахаас өөр аргагүй.

Яамны зүгээс бүсийн наадмууд, арга хэмжээнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Улсын наадмын нээлт үзэж чадаагүй жуулчдад бусад наадмуудыг үзүүлэх зорилгоор ийм дэмжлдэг үзүүлж байгаа гэж ойлгож болно. Мөн жуулчдад зориулаад долоодугаар сарын 11-ний орой ҮСАХ-нд "Naadan night show"-г зохион байгуулна.

Наадмаас өөр үед ирсэн жуулчдад нүүдэлчдийн ахуй соёлыг харуулах зорилгоор долоодугаар сарын 20-доос эхлээд Адууны баяр, Сарлагийн баяр, Боржгон овгийн баяр гэх мэт бүсчилж тохирсон арга хэмжээнүүдэд яамнаас дэмжлэг үзүүлж байгаа.

- Жуулчдад зориулсан үйлчилгээ, үзвэрийн тасалбар хэт өндөр үнэтэй байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тухайд тодруулж мэдээлэл өгөөч?

- Аялал жуулчлалын компаниуд аяллын багц дотроо наадмын нээлт болон бусад үзвэрийн төлбөрийг багтаасан байдаг. Түүнийг нь тухайн жуулчин зөвшөөрөөд ирж байгаа учраас үнэ өртгийг хэт өндөр гэж хэлэх нь зохисгүй байх.

Мөн тусгай хамгаалалтай бүсэд нэвтэрхэд авдаг хураамжийг Монгол Улсын иргэн, гадны гэж ялгахгүйгээр нэг тарифтай байлгах чиглэлийг салбарын яам барьж байгаа.