Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Лхамсүрэн: Сошиал орчинд хэт их хувийн мэдээллээ дэлгэж, их цагийг өнгөрүүлдэг хүний амьдрал тэр хэмжээгээр асуудалтай байдаг

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 7 сарын 2
Өдрийн сонин
Зураг зураг

Сошиал орчинд өөрийнхөө тухай хэт олон мэдээлэл оруулах, өмсөж зүүсэн, идэж уусан тухайгаа үргэлж өгүүлдэг хандлагыг гайхуулах дон гэж нэрлэх болжээ. Энэ хандлагыг сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэг төрлийн сэтгэл зүйн буруу хэлбэр гэж үздэг юм байна. Энэ асуудлаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Сургалтын албаны дарга Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.

-Сошиал орчинд хүмүүс явж байгаа газар орон, хувцас хэрэглэл, хоол унднаас эхлээд өөртэйгөө холбоотой мэдээллийг хэт их хуваалцахыг хүсэх хандлага ажиглагддаг. Үүнийг сэтгэл судлалтай холбож тайлбарлавал юу гэж үздэг юм бэ?

-Мэдээлэл сүүлийн жилүүдэд хэт их нээлттэй, задгай, хурдтай боллоо. Энэ хэрээр мэдээллийн багтаамж, агуулга ихсэж, тэр бүрт цензуртэй, шүүмжлэлтэй хандаж, зөв бурууг ялгах байдал багассан.

Нэг ёсондоо хүн хэт их мэдээллийн илүүдэлд орчихоод байна. Сошиал орчинд өөрийн үйлдлээ хэт ихээр бусадтай хуваалцах нь тухайн хүний бусадтай харилцах, бусдаар хүндлүүлэх хэрэгцээ нь тэр хэрээр их байгаатай холбоотой. Мөн төдий чинээгээр амьд харилцаанаас авах сэтгэл ханамж, өөрийн үнэлэмж нь бага байгаа гэсэн үг.

Нөгөө талаас сошиал орчинд хүн аливаа зүйл дээр өөрийгөө магтах, дөвийлгөх, бусдыг дорд үзэх маягаар өөрийгөө бусдаас илүү үнэ цэнэтэй гэж бодох буюу нарциссизмтай хүмүүс их байна. Сэтгэл судлаачдын зүгээс нийгмийн хүн амын дундаж түвшний 6.2 хувь нь нарциссизмтай байдаг гэж үздэг. Нарциссизмтай байгаа хүмүүсийнх олонх нь эрчүүд байдаг. Гэхдээ нарциссизмын хэвийн шинж тэмдэг хүн бүрт ажиглагддаг. Танд ч, надад ч байх нь.

Харин хэвийн бус болно гэдэг нь буруу чиглэл рүү хөтөлсөн, хэтийдсэн гэсэн үг. Нарциссизмыг сэтгэл судлалын зарим онол судлагдахуунд тухайн хүнийг хүүхэд ахуйд нь ээж, аав нь хэт их магтаж, бусдаас онцгойлж өргөмжилсөн байдаг бол нөгөө талд ээж, аавынх нь хайр халамж тухайн хүүхдэд бага байснаас хайр энэрлийг нийгмээс хүртэх гэсэн хандлага бий болдог.

Нэг ёсондоо өөрөө өөрийгөө бахархах сэтгэл зүйн буруу хэлбэр юм. Сошиал орчинд өөрийгөө илэрхийлэх, эсвэл телевиз радиогоор гарахдаа дийлэнхдээ нарциссизмын хэвийн бус төлөвүүд илрээд байна.

-Нарциссизмын шинж тэмдэг нь юу вэ ?

-Нарциссизмыг тодорхойлохын тулд дараах есөн шинж тэмдгийг өөрөөсөө ажиглах хэрэгтэй. Тав болон түүнээс дээш тоогоор илэрч байвал нарциссизмын шинж тэмдэг илэрч байна аа гэж үздэг.

Хүн өөрийнхөө ач холбогдлыг хэтрүүлж үнэлэх, өөрийнхөө амжилт, хүч чадал, гоо сайхан бүх зүйлийг дуусашгүй хязгааргүй мэтээр төсөөлөх, өөрийгөө цорын ганц онцгой гэж бодох, бусдаас хэт их анхаарал хүндлэлийг шаардах, ямар нэгэн зүйлийг бусдаас шаардаж хүлээлт тавиад гомдоллох, өөртөө ашигтай байхын тулд бусдыг ашиглах, бусдын хэрэгцээ мэдрэмжийг таних хүсэл сонирхолгүй байх буюу эмпати бус байх, өөрийгөө үргэлж бусдад атаархдаг, эсвэл өөрт нь хэн нэгэн атаархдаг гэж боддог, их зантай буюу онгироо, давилуун байх гэсэн есөн шинж тэмдэг байдаг.

-Сошиал орчинд хүн хэзээ, ямар мэдээллийг хуваалцах нь тухайн хүний эрх, өөрийн талбар гэж үзэх нь бий?

-Сэтгэл судлалд нэг үндсэн зарчим бий. Өөрийн үзэл бодол хандлагаар хэн нэгнийг шүүх эрхгүй гэж. Гэхдээ энэ нь хэн нэгний үнэт зүйл, бие хүн рүү халдах нь бие хүний буруу зан үйлийн илрэл болдог.Хэрэв тэр хүний үнэт зүйл рүү халдаж байгаа бол эргээд өөрөө тэр хэм хэмжээг барьж чадахгүй байгаа буюу түгшүүр, хамгаалалтын механизмын илрэл.

Түгшүүртэй, хамгаалалтын механизм хэрэгтэй байна гэдэг тухайн хүн асуудалтай байна гэсэн үг. Асуудалтай гэдгээ булзааруулж, огт асуудалгүй, төгс байна, надад бүх юм сайхан байна гэж илэрхийлж байгаа бол буруу хамгаалалтын механизм юм. Хэтэрхий их төгс харагдах гэж оролддог хүний дотор ямар нэгэн таагүй зүйлээс зайлсхийх гэсэн оролдлого л байдаг. Төгс байгааг нь нийгэм хүлээн зөвшөөрч хэлээгүй байхад өөрөө өөрийгөө үнэлээд байна гэдэг цаана нь асуудал байна гэсэн үг.

-Өөрийгөө гоц гойд, төгс хэмээн илэрхийлэхээс гадна нөгөө л өөртэйгөө холбоотой бүхий л мэдээллийг хуваалцах сонирхлын үр дагавар нь юу вэ?

-Нийгмийн сэтгэл судлалд сошиал орчин ашигладаг хүмүүсийн дунд хийсэн судалгаа байдаг. Тэр судалгаагаар сошиал орчинд хэт их хувийн амьдралаа дэлгэх, хэт их цагийг өнгөрүүлэх, хэт ихээр тухайн зүйлд нэг бүрчлэн анхаарах нь тэр хүний хувийн амьдрал тэр хэмжээгээр асуудалтай байгаагийн илрэл гэж үздэг.

Хоёрдугаарт, ярьж, хэлж, бичиж байгаа хүн дан ганц мэдээлэгч байдаггүй. Хүлээн авагч байдаг. Сонсож байгаа хүн ч бас мэдээлэгч байдаг. Тухайн мэдээллийг хүлээж авч байгаа бие хүн төлөвшөөгүй, өөрийгөө олоогүй, хүний мөн чанар, амьдралын утга учир, чиг зорилгыг хараахан сайн тогтоогоогүй залуу үеийнхэн харвал “Энэ хүн шиг байвал болох юм байна”, “Энэ хүн үүнийг зөв гэж бодоод байгаа юм байна”, энэ хүн шиг л мөнгөтэй болчихвол магадгүй надад боловсрол хэрэггүй, ээж аав ч хэрэггүй юм байна, ингээд л миний амьдрал болчих юм байна гэж бодоход хүргэнэ.

Гэтэл нөгөө үлгэрлэж байсан хүн биш, явсан замналаар нь явтал буруудаад, биш болчихвол эргээд өөрийгөө шүүмжилж эхэлдэг. Би асуудалтай, тэнэг, арчаагүй юм байна гэж бие хүн рүү гээ халдаж эхэлдэг. Энэ нь хамгийн аюултай. Хүн өөрөө өөрийгөө буруутгаж өөртөө шүүмжлэлтэй хандах байдал хэт ихсээд ирэхээр бие хүн өөрөө нийгэмд зөв авч явж чадахаа больж эхэлдэг.

Тэгэхээр шууд гэхээс илүү дам нөлөөлөл илүү их бөгөөд хор хөнөөлтэй байдаг.

Мөн 25 нас хүрч байж гэмээнэ бидний тархины урд кортекс бүрэн ажиллаж эхэлдэг. Энэ хэсэг бол шийдвэр гаргах, анхаарал төвлөрөх, сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах зэрэг чухал ур чадваруудыг хариуцдаг. Тэгэхээр энэ насныханд зөв мэдээлэл маш чухал.

-Анхаармаар юм байна?

-Гуравт, нийгэмд тэгш боломжийн талаар хүмүүс их ярьдаг. Энэ тухай сэтгэл судлалын олон бүтээл байдаг. Жишээ нь, Канадад хоккейн шигшээ багийг бүрдүүлэхдээ тухайн оныхоо нэг, хоёрдугаар сард төрсөн хүүхдүүдийг л авдаг байж. Учир нь тэдгээр хүүхдүүд хэдий нэг онд төрсөн үе тэнгийнх ч гэлээ найм, есдүгээр cap, бүр арваннэгдүгээр сард төрсөн хүүхдүүдээс бие махбодын хөгжил, хурдаараа илүү байдаг байна.

Тэгтэл хоккейн шигшээ багт орох хүсэлтэй оны эхний хагасаас хойш төрсөн хүүхдүүдэд хүсэл байвч боломж бага болчихож байгаа хэрэг. Энэ нь эргээд тэдний өөрийн үнэлэмжид нөлөөлж байсан байдаг. Яг үүн шиг Монголын нийгэм бидэнд тийм ч тэгш боломжийг олгохгүй байгаа. Эдийн засаг, амьдарч байгаа орчин, нийгмийн үзэл суртлын хувьд тэгш боломжтой гэвэл эндүүрэл.

Гэтэл үүнээс үүдэж өөртөө сонголтгүйгээр ирж байгаа тэгш боломжийг сонголттой байсан мэтээр ойлгож, өөрийгөө буруутган цаашлаад эцэг, эхээ буруутгах хандлага гарч ирдэг.

-Ярилцлагын эхэнд асуусанчлан эмэгтэйчүүдийн гайхуулах донгийн тухай та юу хэлэх вэ?

-Эрэгтэй, эмэгтэй гэхээс илүү нарциссизмын үндсэн суурь зарчим бол миний хийж байгаа үйлдэл, үзүүлж харуулж, хүртэж байгаа зүйлийг мэдэхгүй, хүртэж чадахгүй, боломжгүй хүн хараад юу гэж бодох вэ гэж тэр хүн бодохгүй байгаа хэрэг. Зөвхөн би гэдэг үзэл байна гэсэн үг. Ерөөсөө л EQ дутмаг байдал.

Өөрөөсөө бусдыг дорд гэж үздэг, надад л зөвхөн байгаа гэж боддог буруу бодол, үйлдлийн хэв маяг юм. Энэ нь бусдад яаж хүртэх, яаж сонсогдож, үзэгдэж, харагдах бол гэж тооцохгүй байгаа нөгөө л эмпати дутмаг байдал гэж үздэг. Нэг үгээр бусдын хэрэгцээ мэдрэмжийг таних сонирхолгүй хүсэлгүй байна гэж үзэж болно.

-Энэ байдлыг нь дэмждэг хэсэг бас байна шүү дээ. Тэдгээр дэмжигчид бас сэтгэл зүйн буруу хэлбэртэй гэсэн үг үү?

-Хамгийн гол суурь бол нийгэмд хэрэгцээ гэдэг зүйл өөрөө зөв хангагдах ёстой юм. Хэрэгцээ хэрэв зөв хангагдаад шат дараалалтайгаар зохистой хэмжээгээр явж чадвал хүн аливаа зүйлд донтоод, хэт ихээр өөрийгөө гайхуулаад байхгүй, харилцааны асуудалтай байх нь бага. Манай нийгэмд, тэр дундаа сошиал орчинд хэрэгцээ нь зөв хангагдаагүй хүмүүс ихээр ажиглагдаад байгаа.

Учир нь тухайн хэрэгцээ зөв хангагдаагүй.хүүхэд ахуйн төлөвшил хүмүүжлийн суурийг зөв тавьж өгөөгүй, нийгэмд байх ёстой хэм хэмжээ алдагдсан тохиолдолд ийм нөхцөлд оруулдаг.

Сошиал орчинд хүн яагаад идэвхтэй байдаг вэ гэхээр шууд өөд өөдөөсөө харж байгаад өөрийгөө магтчихаас илүү хялбараар мэдээлэл болгож бичнэ гэдэг намайг хэн ч шүүмжлэхгүй, шүүмжилсэн ч бичсэн зүйлээ устгачихаж болдог болохоор зөвхөн миний ертөнц орон зай гэж хандах нь элбэг байдаг. Энэ нь буцаад л бие хүний асуудалтай холбоотой.

-Та үүнийг сэтгэл зүйн буруу хэлбэр гэсэн. Ийм хүмүүст та ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Магадгүй зарим хүний хувьд энэ үйлдэл нь энгийн өдөр тутмын хоол иддэг, унтдаг үйлдэл шиг мэт боловч бусдад хамгийн багадаа таны постыг харж байгаа 10 хүний нэгд нөлөөлж байдаг. Тэнд тань шиг тэгш боломжгүй, эсвэл өөрийгөө олоогүй байгаа хүн харвал яах вэ. Хамгийн гол нь өөрийгөө онцгой цорын ганц гэж үзэхээ боль. Хүн бүр адилхан. Ямар ч хүнд давуу тал байдаг. Хоёрт, бусдаас хэт их анхаарал хүндлэлийг бүү шаард. 

Өөртөө ашигтай байлгахын тулд бусдыг ашиглаж, бусдыг үгүйсгэх байдлаа болих ёстой. Миний үг, үйлдэл хүнд яаж тусах бол гэдгийг бодож байгаасай гэж зөвлөмөөр байна.

-Сошиал орчинд хүмүүс маш их цагийг өнгөрөөдөг. Тэр цаг хугацаа нь тухайн хүний хөгжил, гэр бүлд зарцуулж болох үнэт зүйл гэдгийг ойлгохгүй байна уу? 

-Гар утас, интернет ертөнцөд хүн өөрийнхөө дураар хүссэн мэдээллээ авч удирдаж болдгоороо таатай ч урт хугацаанд аюултай зүйл. Хүн ямар нэгэн зүйлд донтож хамааралтай болж, тухайн хамаарлыг шууд таслах, хорих боломжгүй. Харин хамааралд хүргээд байгаа үйлдлийг өөрчлөх хэрэгтэй. Тамхи татдаг хүн байлаа гэхэд хэн нэгэнтэй муудалцахаар илүү олныг татдаг.

Түүний оронд магадгүй нэг удаа хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцвал ямар сайхан юм бэ гэх мэдрэмжийг авбал тамхи татаад авсан мэдрэмжээс ч илүү эрүүл сонголт нь тэр юм. Тэгэхээр хүн ямар ч үед таашаал авдаг зүйлийнхээ нөхцөлийг өөрөөр сонгож болно гэсэн үг.

-Нийгмийн хэрэгцээ хангагдаагүй, тэгш боломж дутмаг байдлаас хүмүүс өөрийгөө янз бүрээр илэрхийлдэг гэлээ. Тэгвэл нийгмээр нь авч үзвэл манайх ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Нарциссизм нийгэм дээр ихээхэн ажиглагдаж байна. Нийгэмдээ эрх чөлөөг тунхаглаж, хүн ам нь амьдрахад таатай улс оронд хамгийн элбэг байдаг сэтгэл зүйн шинж бол эмпати шинж. Хэн нэгний зовлон, шаналал, мэдрэмж надтай холбоотой. Үүний оронд байсан бол би яах байсан бол гэж боддог, тухайн хүнийг ойлгож дэмжиж хамтрахыг илүүд үздэг нийгэм юм. Харин манайд бол тийм хандлага бага.

Гудамжид нэг хүн уначихсан байхад хэн нэгэн туслахаас нааш хэн ч очдоггүй. Хэн нэгэн хөдлөхөөс нааш ямар ч үйлдэл хийдэггүй. Үүнийг “гэрчийн эффект” гэдэг. Гуравт, олны танил буюу хэн нэгэнд таатай харагдсан, үнэлэгдсэн хүнийг дэмжиж тусалж гараа сунгадаг. Тэгсэн хэр нь энгийн хүмүүсийг чухалд тооцдоггүй, сонголттойгоор эмпати байх байдал. Энэ гурав нийгэмд хамгийн хортой үзэгдлүүд.

Нийгмийн сэтгэл зүй, үнэ цэнийг ихээхэн бууруулдаг. Хүнд төрөлхийн байдаг шинж чанар бол нэгнээ хайрладаг, тусалдаг, хамтардаг шинж чанар. Бид нас биед хүрэх хэрээр энэ чанараа улам алддаг. Хүнийг хамгийн урт хугацаанд аз жаргалтай, амьдралын утга учрыг хэзээ ч алдагдахгүйгээр мэдэрдэг зүйлийн тухай Харвардын их сургуулийн насанд хүрэгчдийн тэнхим 78 жилийн турш хийсэн судалгаа байдаг.

Энэ судалгаанд хүн ерөөсөө л бусадтай итгэлтэй, найдвартай, харилцаа холбоотой, сайхан харилцдаг байх нь амьдралын хамгийн эрхэм, урт хугацаандаа аз жаргалыг өгдөг гэдгийг гаргаж ирсэн байдаг.

Зураг