Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян “Кимоно” брэндийг ашиглахгүй байхаар шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Японы үндэсний хувцасны нэрийг дотуур хувцасны шинэ бүтээгдэхүүнийхээ брэнд нэр болгох гэсэн Америкийн реалити шоуны од Ким Кардашян санаагаа өөрчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр эмэгтэй хүний бие галбирыг тодотгох зориулалттай “Кимоно” брэндийн дотуур хувцас зах зээлд гаргах гэж байгаагаа зарласны дараа япончуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Киото хотын дарга хүртэл түүнд шийдвэрээ өөрчлөхийг хүссэн ил захидал бичиж байв.

Өнгөрсөн Баасан гарагт Кардашян Нью Йорк Таймс сонинд ярихдаа “Кимоно” брэндийн нэрийг өөрчлөх бодолгүйгээ мэдэгдэж байсан юм.

Тэгвэл тэрээр Даваа гарагт шийдвэрээ өөрчилж байгааг Инстаграм хуудсандаа зарлажээ.

“Би үргэлж бусдыг сонсож, бусдаас суралцах замаар өсөж хөгжиж ирсэн….Тиймээс надтай олон янзын санаа бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо хүргэсэн хүмүүст би талархаж байна ” гээд “Сайтар эрэгцүүлж бодсоны дараа би шинэ бүтээгдэхүүнээ өөр нэрээр зах зээлд гаргахаар шийдлээ” гэж Кардашян бичсэн байна.

Түүний мэдэгдлийг хүмүүс талархан хүлээн авч, шинэ брэнд нэрнүүдийг сошиал хуудсанд нь санал болгож эхэлжээ. Тэдгээрийн заримаас дурдвал “sKim Wear”, “KimBody” зэрэг нэрс байна.

 

Эх сурвалж: BBC