Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн гудамж, талбайн хогийг шороо тоос бужигнуулахгүй сорж авах төхөөрөмжтэй боллоо

ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хот тохижилтын газрынхан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлажээ. Тендерт “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.

Албаны хүмүүс өчигдөр цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

“Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн. Бөгөөд 3.5 литр дизель түлш мото цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэхээс гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бидний зүгээс бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгааг өгч байгаа. Цаашид сэлбэг шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэж “ДАЛУ” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ ярилаа.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анх удаа орчин үеийн, хотоос тавьж буй шаардлагыг хангасан, ОУ-ын болон Европын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, “ДАЛУ” ХХК шалгаран богино хугацаанд нийлүүлж байна.

Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж байгаа. Явган хүний, зам талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно” хэмээлээ. 

Нийслэлийн иргэдэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье

Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат “Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллага дээр ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан.

Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэдэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархснаа илэрхийлье” гэлээ.

Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс