Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Монгол Улс "Саарал жагсаалт"-д орвол ам.долларын ханш 7,000 төгрөг давна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож буй төрийн өндөр албан тушаалтнууд, хуулийн байгууллагуудын ажилтнуудад хилийн хориг тавих шаардлагыг Улсын дээд шүүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Мөн УИХ-ын Ж.Батзандан "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд гадагшаа гарсан гэх мэдээлэл байна. Ц.Элбэгдорж, Н.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжилж, Монголд эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газар, Интерполтой хамтран ажилладаг хуулийн байгууллагаас шаардаж байгаа бичгийг хүргүүлнэ" гэв.

Түүнчлэн тэрбээр манай улсад нүүрлэж буй хамгийн том асуудал нь саарал жагсаалт гэдгийг цохон тэмдэглэсэн юм.  

"Мөнгө угаах терроризмтай тэмцэх байгууллагад манай улс 2004 онд нэгдэн орж, 2006 онд мөнгө угаах, терроризмтай тэмцэх хуулиа баталсан. Гэвч үүнээс хойш мөнгө угаасан нэг ч хэргийг шүүхээр үнэн зөв шийдээгүй тул Мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаа мэдэгдээд байна. 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргүүдийг шалга гэж олон улсын байгууллага шаардаж байгаа. Гэвч МАНАН-гийн шүүгчид байгаа цагт энэ бүтэхгүй. Саарал жагсаалтад орвол ам.долларын ханш 7,000 төг давна гэж судлаачид хэлж байгааг би урьдчилан сануулж байна.

Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орвол дотоодын эдийн засаг ирэх онд дампуурна гэж олон улсын байгууллагууд өгсөн.

Монгол Улс саарал жагсаалтад есдүгээр сарын 20-ны орчимд саарал жагсаалтад оруулна гэдэг бичгийг Монголбанканд ирүүлсэн" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.