Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунзул: Архийг гурван жилийн хугацаанд огт уугаагүй бол эдгэсэн гэж үздэг

Өдрийн сонин
2019 оны 7 сарын 1
Өдрийн сонин
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх "АА" бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх тусгай өрөөг ашиглалтад оруулжээ. Тус тасагт архины хамааралтай хүмүүст эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж байна. Багийн ахлагч, сэтгэц, наркологийн эмч Г.Ариунзултай архины хамааралтай хүмүүсийг хэрхэн эмчилдэг талаар ярилцлаа.

-Архины хамаарлыг донтолт, эсвэл өвчин хоёрын алинд нь хамааруулж үздэг юм бэ?

-Архинд донтолт гэдэг олон улсын ангилалтай, нэг төрлийн өвчин гэж үздэг. Олон улсын ангиллаараа F10 гэж оношлогддог. Энэ нь дотроо нарийсаад явна.

-Та бүхэн архины хамааралтай хүмүүстэй хэрхэн ажиллаж байна?

-Манай дүүргийн эмнэлгийн хувьд амбулаторийн үйлчилгээтэй эмнэлэг учраас өдрийн эмчилгээ байхгүй. Бид зөвхөн тухайн хүндээ зөвлөгөө өгч, цаашид эмчлүүлэх шаардлагатай бол Наркологийн төв рүү шилжүүлэх бичиг хийж өгдөг. Наркологийн төв дээр 4С гэж шинэ төрлийн эмчилгээ нээгдсэн. Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг эмчилгээ. Эмийн эмчилгээ нь тухайн үеийнх нь л хордлогыг тайлж, бие махбодыг нь сайжруулна. Яг төгс эмчилгээ биш. Буцаад л тэр хүн гайгүй болоод ирэхээрээ архиа уучихдаг.

Яг төгс эмчилгээ хийе гэвэл сэтгэл зүйтэй нь тулж ажиллах ёстой. Тэр хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах боломжтой. Монголд “АА” гээд нэр хаяггүй, архины хамааралтай хүмүүсийн уулздаг уулзалт бий. Манай дүүргийн хэмжээнд ийм найман байгууллага байгаа. Бид заримтай нь хамтарч ажиллаж эхэлсэн.

-Одоогоор та бүхэн хэчнээн хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манайх бол сэтгэц, наркологийн баг. Яг сэтгэцийн чиглэлээр хяналтад байдаг 520 хүн бий. Сайн дураараа ирж байгаа хүмүүс ч байна. Бас албадан эмчилгээгээр ирж байгаа хүн ч байдаг. Он гарснаас хойш цагдаагийн байгууллагатай хамтран архины хамааралтай 199 хүнийг албадан эмчилгээнд хамрууллаа. Сайн дурын эмчилгээнд буюу нийслэлд ганц байдаг Наркологийн эмнэлэгт 78 хүнийг шилжүүлсэн. Ер нь архины хамааралтай хүмүүсийн ар гэр нь давхар хамааралд орчихсон байдаг.

-Давхар хамаарал гэдгийг тодруулбал?

-Тухайн архи уудаг хүнтэй сэтгэл зүйн давхар хамааралд орно гэсэн үг. Нөхөр нь архи уудаг байж байгаад эхнэр нь дагаад архи уудаг болох жишээтэй. Эндээс хамгийн түрүүнд хүүхэд хохирч үлддэг. 

Хүүхдийн хувьд үл хайхрах хүчирхийлэл гээд сүүлийн үед их яригдах болсон. Аав, ээж нь архины хамааралтайгаас болж хүүхдээ үл хайхарч хайр халамж дутуу өгдөг. Түүнээс болоод хүүхэд сэтгэл санаагаар хохиролд ордог.

-Архинд донтох өвчин бүрэн эдгэрдэг үү. Мэдээж ар гэрийн дэмжлэг чухал болов уу?

-Ер нь эдгэнэ. Гэхдээ давхар заавал эмийн, сэтгэл заслын эмчилгээтэй цуг байх ёстой. Гурван жилийн хугацаанд огт архи уугаагүй хүнийг эдгэсэн гэж үздэг. Тэр дотроо хэрэглэхгүй удаан хугацаагаар явбал эдгэрэх тал руугаа дөхөж байна гэж үздэг.

-Архины хамааралтай хүмүүсийн насны байдал ямар байдаг вэ. Залуужиж байгаа гэдэг үнэн үү?

-Архины хамааралтай хүмүүс өөрсдийгөө мэддэггүй учир эмнэлэгт ирэх дургүй. Болж өгвөл хувийн эмнэлгүүдэд очдог. Улсын эмнэлгүүдэд санхүүгийн байдлаасаа шалтгаалаад боломж муутай хүмүүс нь л ирдэг. Архины хамааралтай хүмүүс залуужиж байгаа нь үнэн. Үүнийгээ дагаад давхар донтолтын чиглэлийн өөр бусад төрлийн эмгэгүүд нэмэгдэж байгаа. Бид он гарснаас хойш 13 сургуульд “Хорт зуршил” сэдвээр сургалт явуулсан. Тэгэхэд ихэнх хүүхдүүд мэдээлэлтэй, бараг тал хувь нь мансууруулах төрлийн бодисыг хэрэглээд үзчихсэн байсан.

-Зөвхөн архи биш, бусад төрлийн мансууруулах бодис байх нь ээ?

-Сурагчид аль хэдийнээ тэр талын мэдээллийг авчихсан, ихэнх нь биш юм аа гэхэд аль хэдийнээ хэрэглээ болгосон хүүхдүүд ажиглагдаж байсан.

-Архинд донтох байдал эмэгтэйчүүдэд ямар байна вэ?

-Эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн архины хамааралд амархан өртдөг. Эмэгтэйчүүд архийг тогтмол хэрэглээд 2-5 жил болоход архины хамааралтай болдог. Харин эсрэгээрээ эрэгтэй хүмүүс 8-10 жил хэрэглэж байж хамааралд ордог. Бие физиологийн хувьд ч гэсэн өөр өөр. Буцаад архинаас гарах үйл явц нь бас ялгаатай. Эмэгтэй хүн архинаас удаан гардаг.

-Үүнд нийгмийн хүчин зүйл нөлөөлж байна уу. Та бүхэнд ямар байдал ажиглагддаг вэ?

-Архийг хэрэглээ болгож байгаад, хэрэглээ нь нэмэгдсээр уух давтамж нь ихэсдэг. Үүнийгээ хүмүүс хамааралтай болж байна гэж ойлгохгүй олон жил явсаар нэг мэдэхэд архины хамааралтай болчихсон байдаг.

Архинд хамаарах байдал гурван үе шаттай. Гуравдугаар үе шатанд ороход архи даах чадвар нь буурч, зан төрхийн өөрчлөлтөд орно. Миний ажигласнаар над дээр ирсэн эмэгтэй хүмүүсийн ихэнх нь гуравдугаар шатандаа орсон байдаг.

Тийм хүмүүс өөрсдөө ирэхгүй. Цагдаа, ар гэрийнхнийх нь хүчээр л албадан эмчилгээнд оруулдаг. 

-Гуравдугаар шатанд орсон хүмүүс архинаас гарах, хамаарал нь багасах боломжтой юу?

-Тухайн хүнээсээ л шалтгаална. Тэр хүн яаж хүлээж авч байна, өөртэйгөө хэр тэмцэж байна, түүнээс л шалтгаална. Бидний зүгээс оношлоод, эмчлээд зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Бас дээр нь ярилцаж зөвлөгөө өгч сэтгэл зүйтэй нь харьцахыг хичээдэг. Гол нь тухайн хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол архинаас гарахгүй. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрч, сэтгэл зүйгээ бэлдэх юм бол гарах боломжтой.

-Архины хамаарлаас бүрэн гарч, эдгэрэх тохиолдол хэр олон бэ?

-Сүхбаатар дүүргээс он гараад “Иргэн төвтэй дүүрэг” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд “Архигүй зөв амьдарцгаая” сэдэвт арга хэмжээг манай байгууллагаас цагдаагийн I, II хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 14 хүнийг сайн дураар нь хамруулсан. Тэдний 40-өөд хувь нь архинаас гарсан. Гурван cap архи хэрэглээгүй. Мөн энэ хүмүүсийн 90 гаруй хувь нь нийгмийн баталгаатай болсон.

-Сайхан мэдээ байна. Архинд хамааралтай болгоход хамгийн түрүүнд нөлөөлдөг хүчин зүйл юу байна вэ?

-Миний ажигласнаар ажилгүйдэл, хувийн шалтгаан, гэр бүлийн орчин. Дээр хэлснээр хохирогч хамгийн түрүүнд хүүхэд байдаг нь эмзэглэмээр. Албадан эмчилгээнд орсон, гэр оронгүй хүмүүс мэдээж гэр бүлгүй. Хоёрдугаар үе шатанд орсон хүмүүсийг харахад ихэвчлэн гэр бүлтэй байдаг. Архины хамааралтай гэр бүлд өссөн хүүхдүүдийн 70-80 хувь нь ирээдүйд бас л тийм амьдралыг туулдаг.

-Архинд донтох асуудалд төр засгийн зүгээс анхаарах шаардлагатай юу. Эсвэл хувь хүн, тэдний гэр бүл энэ асуудлаа шийдвэрлэж чадах уу?

-Миний хувьд анхаарсан зүйл бол байгууллагын зүгээс архины хамааралтай хүмүүст анхаарал тавьдаггүй. Архины хэрэглээтэй хүн байлаа гэхэд тэр хүнийг архинаас яаж гаргах вэ гэж биш, харин тэр үнийг эсрэгээр нь ажлаас нь халчихдаг. Энэ нь буцаад тухайн хүнд маш том цохилт болдог. Магадгүй архины хамаарлын нэгдүгээр үе шатанд явж байсан бол хоёрдугаар үе шатанд шууд шилжүүлдэг. Уг нь тухайн байгууллага архины хамааралтай хүнээ архинаас гаргах талаар дэмжвэл боломж харагддаг. 

Гэхдээ үүнд сөрөг тал бас бий. Жишээлбэл, манай байгууллагын ийм хүн архины хамааралтай байна гээд хандъя гэхэд нөгөө хүн нь зөвшөөрөхгүй бол хүний эрхийг зөрчсөн асуудал үүснэ. Тиймээс болж өгвөл сардаа ч юм уу, улиралд нэг удаа байгууллагууд энэ талын сургалт, зөвлөгөөнийг нарийн мэргэжлийн эмчээс, сургагч багш нараас авч байвал зүгээр.

Бид энэ чиглэлээр дүүргийнхээ хэмжээнд сургалтыг зохион байгуулахдаа хүмүүсээс тест авахад олонх нь ямар нэгэн байдлаар архины хортой үр дагаварт хүртэл хэрэглэдэг гэсэн үр дүн харуулж байх жишээтэй.

-Эмчийн зүгээс архины хамааралтай хүнд та хамгийн түрүүнд юуг зөвлөдөг вэ?

-Архи уудаг хүмүүсийн ар гэр нь тэр хүмүүст итгэл үнэмшилгүй болчихсон байдаг. Тухайн хүн архинаас гарсан, архи уухгүй ээ гээд шийдсэн байхад ар гэр нь түүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гараад явахад нь “Чи хаачих гэж байгаа юм, юу хийх гэж байгаа юм, цалин мөнгөө яасан” гэдэг. Тэр нь буцаад тухайн хүндээ дарамт болдог. Хүүхэд нь хүртэл аавдаа итгэхээ больсон тохиолдол байна.

Цалин буусан өдөр, оройтсон өдөр нь яах бол гэсэн айдастай байдаг. Тиймээс ар гэрийн зүгээс сэтгэл санааны дэмжлэг; итгэл хамгийн чухал гэдгийг онцолмоор байна.

Зураг