Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пунсалмаа: Бид амьдралын хэв маягаа өөрчилж, гэр бүлийг илүү нарийн төлөвлөх цаг нь болсон

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн "Хамтдаа хэлэлцье" аянг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос орон даяар явуулж, иргэдийн саналыг нэгтгэн энэ сарын 19-нд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нараар дамжуулж УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүлээлгэн өгсөн юм.

Үүнтэй холбоотойгоор бид гэр бүлийн тухай хуульд ямар өөрчлөлт, шинэчлэлт оруулах саналууд олон нийтээс ирсэн талаар Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.

- Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байгаа шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Өнөөдөр манай улсад иргэний хэргийн шүүхээр шийдүүлж буй 10 хэрэг тутмын нэг нь гэр бүлийн маргаантай холбоотой байгаа төдийгүй жилд 4,000-5,000 хос гэр бүлээ цуцлуулж байна гэсэн тоо баримт бий. Учир шалтгааныг нь хайгаад үзвэл олон хүчин зүйл нөлөөлнө.

Гэхдээ гэр бүл салалтын тоо зөвхөн Монголд өсөөд байгаа юм биш. Тухайлбал, өндөр хөгжилтэй гэгддэг Швейцарьт гэр бүл салалтын тоо 1980 оноос хойш 30 орчим хувиар өссөн гэх судалгаа байна.

Гэхдээ өндөр хөгжсөн орнуудад гэр бүл салалтаас үүдэлтэй хохирогч бага байдаг бол манайд  хүүхэд, эмэгтэйчүүд асар их хохирч, эрх нь зөрчигдөж байна.

Учир шалтгаан нь монголд салалтыг гадны орнууд шиг сахилга бат, санхүүгийн өндөр хариуцлага дор хуульчлаагүйгээс болж анхнаасаа гэр бүл төлөвлөлтийн асуудалд залуучууд нухацтай хандахгүй байх шиг. Гэр бүл салалтын шалтгааныг эрдэмтэн судлаачид ч өөр өөрөөр тайлбарласан байдаг.

- Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу. Яагаад ? 

- Гэр бүлийн тухай хууль 1999 онд буюу 20 жилийн өмнө батлагдсан. Харин орчин цагт хэт нээлттэй мэдээллийн урсгал, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, сэтгэлгээний онцлог зэргээс хамаарч нийгэм эрчимтэй хувьсаж байна.

Эдгээр өөрчлөлтийн улмаас тухайн мөчид гарч буй аливаа гэр бүлийн асуудлыг одоогийн хууль маань төдийлөн шийдвэрлэж чадахгүй байна гэж бид үзсэн.

Манай улсад 894 мянга орчим гэр бүл байгаагийн 200 мянга гаруй нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаг гэсэн судалгаа бий.

Өөрөөр хэлбэл, энэ нь хосууд санхүүгийн хувьд эцэг, эхээсээ хараат өрх тусгаарлаж чадахгүй байгаагийн тод илрэл. Одоогийн Гэр бүлийн тухай хуульд “Гэр бүл, нялхас, эхчүүдийг төрөөс дэмжинэ” гэж ерөнхий заасан байдаг ч яаж дэмжих талаар тусгаагүй байдаг нь харамсалтай. Үүнийг илүү нарийвчлах хэрэгтэй.

Тиймээс бид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэл 21 аймаг, есөн дүүргийн нийт 23,500 орчим мянган иргэнтэй уулзан гэр бүлийн хүрээн дэх асуудлыг нь сонсож, Гэр бүлийн тухай хуулиас юу хүсэж байгаа саналыг нь хүлээн авсан.

Иргэд өөрсдөө хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь ардчилсан нийгмийн үндсэн зарчим. Манайд ийм олон хүнийг хуулийн хэлэлцүүлэгт хамруулж, саналыг нь авсан тохиолдол өмнө нь гараагүй байх.

 

-Гэр бүл салсны дараах хүүхдийн тэтгэлгийн асуудал хэр чухлаар яригдсан бол?

-Олон нийтээс ирсэн санал дунд гэр бүлийн гишүүдийн хариуцлага, гэр бүлийн боловсрол мөн салсны дараах тэтгэлгийн асуудлууд дээр хамгийн олон санал ирсэн.

Өнөөдөр салсан 10 гэр бүл тутмын хоёр нь л хоёр тийш болсны дараах хүүхдийн тэтгэлгээ шүүхээр шийдүүлж байна. 

Мөн тэтгэлэг тогтоолгосон хүмүүсийн зарим нь тодорхой хаяг дээрээ байхгүй, байсан ч төлбөрийн чадваргүй байдгаас хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтэй салсан гэр бүлийн 30 хувь нь л шийдүүлж тэтгэлгээ авч, үлдсэн 70 хувь нь огт тэтгэлгээ авч чадахгүй явж байна. Энэ тал дээр иргэдээс "Хүүхдийн тэтгэлгийн сан" байгуулах санал ирсэн. 

Энэ нь гэр бүл салсан тохиолдолд төрөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр "Хүүхдийн тэтгэлгийн сан" бий болгож, тэр сангаас тухайн хүүхдүүдэд ногдох тэтгэлгийг төр урьдчилан олгоно.

Харин дараа нь хуулийн шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгчөөс албадан гаргуулна гэсэн үг. 

Ингэж чадвал салалтаас болж хохирсон, тэтгэлгээ авч чадахгүй байгаа маш олон хүүхдэд хэрэгтэй гэж бид найдаж байна.

Нөгөө талаар хүүхдийн тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяна гэдэг бол өөрөө учир дутагдалтай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр очоод хүүхдийн мөнгөн тэтгэлэг нь бага дүнтэй учраас зарим нь хойноос нь тэр бүр хөөцөлдөхгүй ч байх тохиолдол бий.

Салалт санхүүгийн өндөр хариуцлага араасаа дагуулдаг болсон цагт залуус гэрлэлтийн үнэ цэнийг ойлгоно, хариуцлагатай болно.

Мөн төрөөс эргэн төлөгдөх Хүүхдийн тэтгэлэгийн санг байгуулсан тохиолдолд одоогийн тэтгэлэг нь нэмэгдэхгүй ч цаг алдалгүй хурдан олгоно гэсэн үг. Харин тэтгэлэгийг хэрхэн үндэслэлтэй тогтоох, хэрхэн төлүүлж байх талаар хуульд нарийвчлан оруулвал тухайн тэтгэлэг олгогчийн орлогоос хамаараад хүүхэд зохих хэмжээгээр тэтгэлэгээ авч болно гэж үзэж байна.

- Гэр бүлийн боловсрол олгох тал дээр тус хуулийн төсөлд ямар саналууд оруулсан бэ?

-Бид амьдралын хэв маягтаа бага багаар өөрчлөлт оруулж гэр бүлийг илүү нарийн төлөвлөж, сэтгэл хөөрлөөр биш нухацтай авч үзэх цаг нь болсон.

Одоогийн Гэр бүлийн тухай хуульд мөн гэр бүлийн боловсролыг хэрхэн олгох талаар тодорхой заалт байхгүй.

Тиймээс гэр бүлийн боловсролыг нас насанд нь тохируулж системтэйгээр, шаардлагатай тохиолдолд хүүхдийн сурах бичгээр дамжуулж, иргэний боловсрол олгох замаар ухамсар хүмүүжилд нь суулгах хэрэгтэйг олон хүн хэлсэн.

Мөн гэр бүл зохиох талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй, хариуцлагын тухай бодолгүй, зөвхөн сэтгэл хөдлөлөөр сууж хүүхэд гаргадаг нийтлэг алдаа дутагдлыг ч хүмүүс их ярьж байсан. Энэ талаар бид саналаа холбогдох газруудад нь хүргүүлсэн.

- Өөр ямар саналууд нэмэгдсэн бэ? 

-Хүүхдийн насны ялгаваргүйгээр тэтгэлэг олгож байх асуудлыг оруулсан. Өөрөөр хэлбэл тэтгэлгийн мөнгөө шийдүүлэх гэж явах хооронд хүүхдийн эрх зөрчигдөж, хохирч буй асуудлууд олон байна.

Нөгөө талаар бид яг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийг бодлогоор бэлтгэх шаардлагатай байна.

Яагаад сэтгэлзүйч хэрэгтэй вэ гэвэл гэр бүлээ цуцлуулахаар хоёр тал шүүхэд саналаа хүргүүлсэн тохиолдолд эвлэрэх хугацаа өгдөг. Харин энэ хугацаанд сэтгэлзүйч ажиллавал тухайн гэр бүлийг бодитоор эвлэрүүлэн зуучлах боломж нь бүрдэнэ.

Мөн гэр бүлийн хэв шинжүүдийг нарийвчлан тогтоож, түүн рүү чиглэсэн төрийн дэмжлэг чухал байгаа талаар иргэд саналаа ирүүлсэн. Дэмжлэг гэхээр дан ганц мөнгөний тухай ойлголт биш.

Залуу гэр бүлийг орон сууцын хөнгөлөлтэй зээлд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг, эхэд дэмжлэг үзүүлэх тухай төрийн бодлого явуулах нь чухал. Үүнд гаднын орнуудын олон туршлага бий шүү дээ.

Нийгмийн анхан шатны нэгж болсон гэр бүлийн асуудалд бид нягт нямбай хандаад эхэлбэл маш олон зөв зүйлийн эхлэл болно.

-Эцэг, эх буюу гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй гэж та хувьдаа бодож байна вэ?
 
- Би гэр бүл судлаач биш учраас яг тэгэх ёстой гэсэн зөвлөгөө өгч чадахгүй нь. Гэхдээ олон нийтээр гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх явцад 20 жил болсон энэ хуулиа яаралтай шинэчлэх хэрэгтэй юм байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэрсэн.
 
Өөрөөр хэлбэл нийгэмд хамгийн их асуудал дагуулдаг гэр бүлийн харилцаанд тулгардаг бэрхшээлүүдийг одоо байгаа хууль маань шийдэж чадахаа больсон.
 
Хэрвээ хууль илүү нарийн бөгөөд тодорхой заалттай, гэр бүл салалтаас үүдсэн хохирогчдын эрх ашгийг бүрэн хамгаалахуйц, гэр бүлийн сахилга батыг нэмэгдүүлэхүйц, бодит амьдралд нийцэхүйц зүйл заалттай болсон тохиолдолд нийгэм дор нь шингээгээд авах бодит хөрс нь бүрэлдсэн байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.