Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Умард Солонгосын нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Цэрэггүй бүс)-д зочилсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хилийн цаанаас ирсэн Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж мэндчиллээ.

Трамп өчигдөр твиттер хуудсандаа Ким Жон Унтай хилийн шугам дээр уулзах санал тавьж байсан юм. Гэнэтийн, албан бус энэ урилгыг Ким Жон Ун хүлээж авна гэдэг эргэлзээтэй байв.

Тэгвэл өнөөдөр үдээс хойш Трампыг хилийн шугамд ирэх үед Умард Солонгосын удирдагч нөгөө талаас гарч ирж уулзжээ.

 

Тэд эхлээд хилийн шугамны хоёр талаас гар барьж, мэндчилсэн юм. Гэтэл Ким Жон Ун гэнэтийн санал тавьж, Дональд Трампыг Умард Солонгосын газар шороонд хөл тавихыг урьжээ.

 

Трамп тэр хоёр хамтдаа хилийн шугамны хойд талд гарч, зургаа авхуулсны дараа буцаж Өмнөд Солонгосын нутагт орж ирсэн байна.

 

Дараа нь тэр хоёр Панмунжом тосгонд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй нэгдэж, товч уулзалт хийсэн юм.

Ингэснээр Дональд Трамп 1953 онд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж түүхэнд бичигдлээ. Ерөнхийлөгч асан эрхмүүдээс Пёньянд зочилж байсан түүх байдаг ч ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа айлчилсан анхны хүн Трамп болж байна.

Хилийн хоёр талаас уулзахдаа Ким “Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энд тантай уулзана гэж огт төсөөлж байсангүй” гэж АНУ-ын ерөнхийлөгчид хандан хэлсэн байна.

Хамтдаа хил давсны дараа тэр Трампын зоригийг үнэлж байгаагаа хэлжээ.

Харин Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай дотно нөхөрсөг харилцаатай байдгаа онцлоод “Бид анх уулзсан өдрөөсөө эхлэн бие биедээ таалагдсан” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: BBC, NBC News