• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Mac Pro бүтээгдэхүүнийхээ угсралтыг АНУ-аас Хятад руу шилжүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн мэргэжлийн дэсктоп компьютер болох Mac Pro 2013 оноос хойш АНУ-ын Техас мужийн үйлдвэрт угсрагдаж байгаа.

Тэгвэл энэ бүтээгдэхүүнийхээ саяхан танилцуулсан шинэ загварыг Хятадад угсрах шийдвэр гаргаснаа тус компани өчигдөр зарлажээ.

Ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлүүлдэг Apple компанийн хувьд энэ нь гайхмаар мэдээ биш байж болно. Гэхдээ Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны маргаан оргилдоо хүрч, Дональд Трамп бүхнийг Америкт үйлдвэрлэхийг уриалж байгаа үед ийм шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна.

Өмнөх загварын Mac Pro компьютеруудыг АНУ-д угсрахад эд анги, багаж төхөөрөмжийн болон ажиллах хүчний хомсдолтой тулгарч, зах зээлийн эрэлтээ хангах хэмжээний үйлдвэрлэл явуулж чадахгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байсан.

Үүний улмаас Техас дахь үйлдвэр нь сүүлийн үед Apple-ийн компьютерыг угсрахаа больж, өөр компаниудын захиалгаар ажиллах болсон тухай The Wall Street Journal мэдээлсэн байдаг.

Mac Pro компьютерын угсралтыг Хятадад гүйцэтгэх ч АНУ-ын үйлдвэрлэгчдийн эд ангийг ашигласан хэвээр байна гэдгээ Apple компани амласан байна.

 

Эх сурвалж: The Verge