Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийг Ялалтын баярт урьж, урилгыг нааштай хүлээж авсныг Кремлиэс мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Японы Осакад болж буй “Их 20”-ын чуулганы үеэр уулзсан байна.

Тэд өнгөрсөн оны долдугаар сард Финландын нийслэлд уулзсанаасаа хойш дахин уулзаагүй байсан юм.

80 минут орчим үргэлжилсэн уулзалтын үеэр Владимир Путин, Дональд Трамп нар сүүлийн жилүүдэд муудаад байгаа хоёр орны харилцааг сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцсон гэнэ.

Уулзалтаас гарсан нэг сонирхолтой мэдээлэл нь 2020 онд болох дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойн баярын парадад АНУ-ын ерөнхийлөгч оролцож магадгүй тухай байлаа.

Удирдагчид дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Зөвлөлт Холбоот Улсын оруулсан хувь нэмрийн талаар ярилцах үеэр Путин ирэх хавар Улаан талбайд болох парадад Трампыг урьсан гэнэ. Дональд Трамп урилгыг нааштай хүлээж авсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.

Ялалтын баярын тэгш ойн жилүүдэд ОХУ-ын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчийг ёслолын арга хэмжээндээ урьдаг юм. 2005 онд Жорж Буш АНУ-ын ерөнхийлөгч нараас хамгийн сүүлд Улаан талбайд ялалтын парадыг үзэж байв.

Харин 2010 онд Барак Обама ОХУ-ын урилгыг хүлээж аваагүй ч парадад оролцуулахаар АНУ-ын армийн 76 цэргийг илгээж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today