Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян “Кимоно” брэндийн нэрийг өөрчлөхгүйгээ мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од Ким Кардашян япончуудын үндэсний хувцас кимоногийн нэрийг өөрийн дотуур хувцасны брэнд болгон ашигласан нь маргаан дэгдээгээд байгаа.

Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг тодотгох зориулалттай “Kimono” брэндийн бүтээгдэхүүн нь ирэх сард худалдаанд гарах гэж байгааг тэр энэ долоо хоногт зарласан юм.

Гэвч Япон үндэстний соёлын бэлгэдэл болсон уламжлалт хувцасны нэрийг тэс өөр төрлийн бүтээгдэхүүний брэнд болгон ашигласан нь олон япон хүнд таалагдаагүй.

Үүний улмаас Японы сошиал ертөнцөд #KimOhNo хаштагтай эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна.

Тэгвэл Ким Кардашян өчигдөр Нью Йорк Таймс сонинд ярихдаа “кимоно” брэндийн нэрийг өөрчлөх төлөвлөгөө байхгүйг мэдэгджээ.

Тэрээр кимоногийн гоёмсог байдал, нарийн чимхлүүр хийц, чанарыг бэлгэдэж брэнд нэрийг сонгосноо тайлбарласан байна.

“Японы соёлд кимоно ямар чухал ач холбогдолтойг би сайн ойлгож, гүн хүндэтгэлтэй хандаж байгаа. Давтагдашгүй өвөрмөц шинж чанарыг илэрхийлсэн хувцасны брэнд бий болгож байгаадаа би их баяртай байна” гэж Ким Кардашян ярьжээ.

Кимоног 15 дугаар зуунаас хойш япончуудын өдөр тутмын хувцас болсон гэдэг. Орчин үед кимоног янз бүрийн баяр ёслол, хурим, оршуулга, сургууль төгсөлт зэрэг онцгой арга хэмжээнүүдийн үеэр хүндэтгэлийн хувцас болгон өмсөх болжээ.

 

Эх сурвалж: BBC