Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Баасан гараг Франц улсын түүхэнд хамгийн халуун өдөр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Европ тивийг нөмөрсөн их халууны улмаас Франц улс өчигдөр түүхэндээ агаарын хамгийн өндөр халалтыг бүртгэжээ.

Тус улсын өмнөд бүсийн Галлар-ле-Монтью тосгонд өчигдөр Цельсийн 45.9 хэм хүрч халсан нь шинэ дээд үзүүлэлт юм.

2003 оны зун болсон их халалтын үеэр 44.1 хэм хүрсэн нь өмнөх дээд үзүүлэлт болж байжээ.

Баасан гарагт Франц улсын дөрвөн бүс нутагт агаарын температур аюултай түвшинд хүрснийг цаг уурчид зарласан юм. Эдгээр нь бүгд өмнөд эрэг дагуу байлаа.

Атлантын далайд үүссэн шуурга болон Европын төв хэсэгт бий болсон агаарын өндөр даралтын улмаас Сахарын цөлөөс халуун агаарын урсгал ирж байгааг цаг уурчид тайлбарласан юм.

Өчигдөр Францын өмнөд бүсэд олон зуун сургууль хаалгаа барьж, усны хэрэглээнд хязгаарлалт тогтоосон байна.

Зөвхөн Франц биш, Герман, Польш, Чех улсуудад зургаадугаар сарын хамгийн өндөр халалт бүртгэгдээд байна.

Энэ өдрүүдэд Испани улсын Каталониад сүүлийн 20 жил тохиолдоогүй том хэмжээний ой хээрийн түймэр шатаж байгаа нь агаарын хэт халалттай холбоотой.

Италийн эрүүл мэндийн яам тус улсын 16 хотод агаарын температур аюултай түвшинд хүрснийг өчигдөр мэдээлжээ.

Саяхан Германы Потсдам дахь цаг уурын судалгааны хүрээлэн 1500 оноос хойш хугацаанд Европ тивд болсон хамгийн халуун таван зун бүгд 21 дүгээр зуунд тохиосныг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC